Ийм нэрийг Аж үйлдвэрийн сайдад сэлэнгэчүүд өгчихөж. Монгол Улс аль нэг яамны халаасанд багтаж, төрийн бодлогоос дандаа гээгдэж ирсэн хүнд, хөнгөн аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлээ жил гаруйн өмнөөс анхаарч тусдаа яам байгуулсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа эхлээд хүн бүхэн л үйлдвэрлэлийн тухай ярьж, яамны ажил хэрхэн явах бол, хэн удирдах бол гэсэн хүлээлт, сонжиж сонирхсон хүмүүс ч олон байлаа.
Харин Шийдлийн Засгийн газар шинэ яамыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад даатгасан юм. ЖДҮ эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг сэлэнгэчүүдэд эдгээр хуулиуд хамгаас хэрэгтэй байх нь дамжиггүй. Тиймдээ ч бидний загатнасан газар маажлаа та. Ёстой голыг нь олсон бодлого гаргаж, хуулиуд батлууллаа хэмээн багахан магтаал өгөхөө ч мартаагүй. Энэхүү яамыг байгуулсан нь цагаа олсон шийдвэр, хүнээ олсон томилгоо гэх үгийг Д.Эрдэнэбат сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах томилолтын үеэр нь олон дахин онцолж байсан гэнэ.
1990 оноос хойш зогсонги байдалд ороод байсан аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг хөл дээр босгох ажлыг эхлүүлж, төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлуулж, Монгол Улсыг бүсчилсэн байдлаар ялгаж аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг бидний хувьд нэгэн цагт мөрөөдөл төдий байсан ажлуудыг эхлүүлсэн Д.Эрдэнэбат сайдыг эрчээ алдахгүй ажиллахыг ч тэд мөн хүссэн байна.
Бодлогоор дэмжих яамтай, боловсруулсан төслөө бариад гүйгээд очих өөрийн салбарын сайдтай байна гэдэг ёстой л загатнасан газар маажих шиг сайхан мэдрэмж юм даа, тэдний хувьд. Баялаг бүтээгчдийн нуруу одоо л тэнийж эхэлж байна.