Шийдлийн Засгийн газраас МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг Шадар сайдынх нь хамт гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг АН-ын ҮЗХ-ны хурлаар шийдсэн билээ. Харин энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэх УИХ-ын ээлжит бус хурлыг наймдугаар сарын 03-нд зарлан хуралдуулахаар болов.
УИХ-ын дарга З.Энхболд нар МАН-ыг засгаас гаргахыг илүүд үзэж байгаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллах нь зөв гэж мэдэгдэв. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүдийн олонх нь МАН-ын сайд нарыг засгаас гаргахыг дэмжсэн ч Ерөнхийлөгч хориг тавих бололтой.
Ч.Сайханбилэг анхнаасаа МАН-ынхныг Засгийн газартаа орж ажиллахыг урьсан бөгөөд одоо ч тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа ч АН-ын угшилтай 600 гаруй төрийн албан хаагчийг сүүлийн зургаан сарын хугацаанд МАН-аас томилогдсон сайд нар ажлаас нь дур мэдэн халсан явдал асуудлыг улам хурцатгахад хүргэжээ.
Улс орны эдийн засгийн байдал таагүй байгаа энэ цаг үед иймэрхүү улс төрийн шийдвэр гаргахад жирийн иргэдийн хувьд хүндхэн тусах бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс тавьж магадгүй хоригийг хэрхэн давах эсэх нь асуудал дагуулж байна. Гэтэл Монгол Улсын сайдаар томилогдсон М.Энхсайхан МАН-ыг Засгийн газраас гарвал би ч гэсэн ажлаа өгнө гэжээ. Нэгэнтээ Тавантолгойн төслийг хөдөлгөж Энержи Ресурс нарын консорциум буюу МСS-д илт тал зассан байдалтай гэрээ байгуулахаар зэхэж байсныг нь УИХ-аас томилогдсон ажлын хэсэг эрс буруушааж, улмаар уг гэрээг татаж нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон явдал түүний уур хилэнг чамгүй бадраажээ.
Харин тэрбээр ганцаараа гарах бус Засгийн газарт багтсан өөрийнхөө намын нөхдийг ч гэсэн хамтдаа ажлаа өгөх талаар ярихгүй байгаа нь олны гайхшралыг төрүүлж байна.