Намайг дагаад цэнгэ, Сэмбий, Заримдаа зэрэг Монголын хип хоп дууны урсгал жанарыг өөрийн өвөрмөц өнгө төрхөөр чимж, урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдаж буй Люмино хамтлаг бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Тэд 2006 оноос хойш бие даасан тоглолт хийгээгүй бөгөөд есөн жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийхээр болсон нь энэ юм. Гэнэтийн бэлэг, сонин содон бүхнээр дүүрэн тоглолтод нэгэн цагт залуусын амны уншлага мэт дуулагдаж байсан 2000 оны эхэн үеийн дуунуудаас гадна хамгийн сүүлд хийсэн шинэ уран бүтээлүүд дуулагдах аж.
Люминочуудын фэнүүдэд энэхүү мэдээ тун сайхан дуулдсан нь дамжиггүй. Тоглолтын тов ч гарсан бөгөөд энэ сарын 21-нд Улаанбаатар паласт нижгэр тоглолт хийх нь ээ. Тоглолтыг On&Off продакшин найруулах юм байна.
Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд таван хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс гурван хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдөж байсан түүхтэй. Энэ талаар тус хамтлагийн дуучин Баажий өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хамтлаг гэдэг бол хамтдаа лаг гэж байгаа юм гэж бид тоглодог ч бас үнэний хувьтай шүү.
Хамтдаа нэг зорилготой нэг сэтгэлтэйгээр 17 жил болсон байна. Бид хамгийн сүүлд өөрсдийн бие даасан тоглолтоо 2006 онд хийж байжээ. Есөн жилийн дараа болох гэж байгаа тоглолт маань мэдээж гоё болох байх LU BEATZ буюу LUMINO-ийн хэмнэлүүд үе үеийн дурсамж сэргээсэн хит дуунууд маань энд дуулагдах болно шүү. Бидний тоглолтыг ирж үзнэ биз дээ манайхаан” хэмээжээ.