ГССҮТ-ийг авлигын үүр уурхай болсон газар гэж ярьдаг. Урд өмнөх дарга нар нь ч авлига, хээл хахуулийн хэргээр шалгуулсан тохиолдол цөөнгүй байдаг.
Тэгвэл АТГ-аас тус төвд энэ оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилах сургалтыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр ажиллажээ.
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад тус газарт алдаа дутагдал цөөнгүй илэрчээ.
Тухайлбал, төвийн мэдээ, мэдээллийн самбар болон албан ёсны цахим хуудсанд аудитын тайлан, сул орон тооны зар, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдын талаарх мэдээллийг байршуулаагүй, хэлтэс, алба, тасаг, нэгжүүд ажилчдын ажлын үр дүнг үнэлж, мөнгөн урамшуулал олгохдоо харилцан адилгүй өөр өөрөөр үнэлдэг, төрийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцлийг бүрдүүлсэн, төвийн захирлын тушаалаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан гаргахдаа тушаалын үндэслэх хэсэгт хуулийн хэм хэмжээ, зүйл заалтыг дурдаагүй, Эрүүл мэндийн сайдын хүчингүй болсон тушаалыг үндэслэж гаргажээ.
Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай албан бичгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал З.Мэндсайханд хүргүүлжээ.