Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт орсон ширүүн борооны дараа үер бууж, 100 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн хоргодох байранд орсон тухай мэдэгдсэн байна. Баруун Бенгал мужийг дайран өнгөрсөн циклон болон үерийн улмаас 48 хүн амиа алджээ.
Үерийн улмаас тус мужийн 10 мянган тосгонд бараг дөрвөн сая хүн хохирол амссан байна. Үерт автсан бүсүүдэд эмнэлгийн тусламжийн 200 гаруй баг завиар очиж, устай холбоотой халдварт өвчин гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж. Мөн Хойд Ражастан мужид үерийн үеэр 28 хүн амиа алдсан хэмээн бүртгэгдсэн бөгөөд аврагчид 10 мянга орчим хүнийг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн Манипур мужид хөрсний гулсалт үүссэний улмаас нэг тосгон бүхлээрээ дарагджээ. Үүнээс гадна Мяньмар улсад их хэмжээний бороо орж, үер буусан байна. Үер, хөрсний гулсалтын улмаас зарим бүсэд онцгой байдал зарлаад байгаа гэнэ. НҮБ-аас мэдээлснээр хоргодох түр байранд 140 мянган хүн толгой хоргодож байгаагийн ихэнх нь Рохингя үндэстний мусулманчууд хэмээжээ.