Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу, архины хамааралд орсон хүмүүст зориулж Баянзүрх дүүргийн Улиастайд Халамжийн төв бүхий гурван блок орон сууц барих гэж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Түүний биеийн байдал муу байгаа учраас энэ ондоо багтааж Халамжийн төвөө барихыг зорьж байгаа. Тус гурван блок орон сууцанд 540 хүн амьдрах боломжтой бөгөөд нэг байшин нь 32-41 өрөөтэй. Одоогийн байдлаар тус барилгын дэд бүтцийг шийдэж, барилгын зураг төслийг нь бүрэн хийж дуусчээ. Барилгыг бүрэн ашиглалтад оруулахад нийт 360 сая төгрөг шаардлагатай юм байна. Тиймээс энэхүү ажилд барилгын материал хандивлах, мөнгөн дэмжлэг үзүүлэх зэргээр нэгдэх боломжтой аж. “Хүнд юм өгөхөөр өгсөн зүйл нь хэд дахин өсдөг. Би нэг хүнийг хайрласны төлөө 10 хүний хайрыг авдаг. Хүнд үнэтэй хувцас, эд мөнгө хэрэггүй. Хамгийн гол нь хүнийг хайрладаг сэтгэл байх ёстой. Тэдгээр хүмүүсийг 25 жил гэр оронгүй байлгалаа. Бид шорон дүүрэн хоригдолтой, гудамж дүүрэн архичинтай боллоо. Бид санаачлаад бүгдээрээ тал талаас нь дэмжвэл энэ асуудлыг шийдэж чадна. Нэг хүнийг нийгэмшүүлэхэд хоёр жилийн хугацаа, маш их хөдөлмөр, сэтгэл шаарддаг гэж Ц.Тамара ярьж байлаа. “Заюу тайж” нийгэмлэг байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 300 гаруй хүнийг нийгэмшүүлжээ.