УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.
Уг хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж, гишүүд хууль санаачлагдаас хариулт авч байна. Гишүүдийн зарим асуулт хариултыг хүргье.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хагас автомат, автомат буугаа үзмэрийн зориулалтаар оруулж ирнэ гэснээ одоо ялгавартай байдлаар иргэдийн гар дээр байлгах тэс өөр юм яриад явах юм. Х.Тэмүүжин гишүүн лоббинд автсан байна. Ард түмнийг хуурах хэрэггүй шүү. Хуулиа санаачлаад явж байхдаа гайгүй зөв юм ярьж явснаа лоббинд автаж, өөр юм ярьж эхэлдгээ болих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Та сайн ой санамжтай байх ёстой. Ангийн зориулалттай хуулийн шаардлага хангаагүй буйг төр худалдан авах саналыг хэлэлцүүлгийн үеэр Ж.Энхбаяр гишүүн гаргаж байсан. Түүнээс биш хуулийн заалтуудад энэ асуудал ороогүй. Энэ хуулийн анхны хэлбэрт бүх буунуудыг хураан авч, үзмэр болгох тухай асуудал байгаагүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Иргэдийн гар дээр байгаа бууг төр худалдан авахад 20 тэрбум төгрөг орно гэх тооцоог та нар гаргаж байсан. Одоо болохоор бусдын лоббинд автчихаад өөр өөр юм яриад байх юм. Иргэдээ ингэж хуурч болохгүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Та харин тэр санаачлагыг ярьж явсан. Төсөвт нэг ч төгрөг байхгүй гэдгийг гишүүд хэлж байсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Иргэд ердийн шугамаар хэрэглэнэ гэсэн хуулийн заалтаа дахин нягталж үзэх хэрэгтэй. Хуулий яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэхээ бид сайн ярилцах хэрэгтэй юм байна. Хуульзүйн байнгын хороо энэ асуудлаа анхаар.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд олон нийтэд чиглэсэн танин мэдүүлэх сурталчиглааг тодорхой хугацаанд хийх зорилтыг тавьж байгаа.
Өнөөдрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд / хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
Ж.Мядагбадам