ОХУ-тай харилцан визгүй зорчих болсноор манай улсын иргэд ОХУ руу аялал жуулчлал, худалдааны наймааны чиглэлээр их зорчих болсон. Тэр дундаа анги хамт олноороо хойд хөршийг зорих болсон бөгөөд жижиг оврын микро автобустай зорчих нь их байдаг.
Гэтэл 8-аас дээш хүнтэй зорчдог микро автобус, том автобусуудыг ОХУ-ын Тээврийн сайдын бичиг бүхий зөвшөөрлийн бичгээр гаргадаг журам үйлчилдэг аж.
Үүнийг монголчууд цэнхэр бичиг хэмээн нэрлэдэг. Гэтэл цэнхэр бичиг хүрэлцэхгүй болсноос иргэд хилээр гарч чадахгүйд хүрч, улмаар танил талтай хэсэг нь гурав дөрөв хоног хүлээж байж арайхийн хил нэвтэрч байгаа талаар манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл, Автотээврийн газраас иргэдэд микро автобустай хилээр гарах боломжгүй болсныг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, иргэд суудлын жижиг тэрэг, эсвэл том оврын автобусаар хойд хөршийн хил нэвтрэх боломжтой юм байна.
Цэнхэр бичиг ОХУ талаасаа тасарсан учраас найман хүний суудалтай машинуудыг хилээр гаргах боломжгүй болжээ.