Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Реюнион арлаас олдсон онгоцны далавч болон бусад жижиг хэсгийг сураггүй болсон Малайзыниргэний агаарын тээврийн МН370 онгоцных болохыг тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак албан ёсоор мэдэгджээ.
Тэрбээр “МН370 онгоц сүйрсэн гэдгийг нотлох эд мөрийн баримт олдсоныг дуулгахад харамсалтай байна. Тус онгоцонд зорчиж явсан 239 зорчигч болон тэдгээрийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэж буйгаа дахин илэрхийлье” хэмээжээ. Тиймээс онгоцны хэсгийг дахин хайх шаардлагагүй хэмээн мэдэгдэж сураггүй болсон зорчигчдийн ар гэрийнхэнд хий хоосон хүлээлт үүсгэхийг хүсэхгүй байгаа аж.
Тулуза хотын ойролцоох судалгааны хүрээлэн өнгөрсөн сараас Реюнион арлаас эрлийн үйл ажиллагааг эрчимтэй хийж баттай нотлох баримт олдсон хэмээн мэдэгдээд байгаа ч сураггүй болсон зорчигчдийн ар гэрийнхэн энэ бүхэнд шүүмжлэлтэй ханджээ.Онгоцонд суусан эхнэрийнхээ сургийг гаргаж чадалгүй хоцорсон Малайзын иргэн Нарендран “Би шинжээчдийн мэдээлэлд итгэж чадахгүй байна. Ингээд эхнэрийнхээ цогцосыг ч авч чадалгүй сэтгэлийн зовиуртай үлдэж байгаадаа харамсч байна.” хэмээжээ.
Мөн нөхрөө алдсан нэгэн Малайз эмэгтэй “Тэд онгоцны хэсгийг олсон ч энэ бүхэн дуусаагүй. Одоо үргэлжлүүлэн онгоцны бусад хэсгийг олох хэрэгтэй шүү дээ. Бид өөрийн гэр бүлээ буцааж авмаар байна” хэмээн ундууцсан байна.
Дашрамд дурдахад, МН370 онгоц нь одоогоос 515 өдрийн өмнө Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисч байхдаа ор сураггүй алга болсон билээ. Онгоцонд 239 хүн зорчиж явсанаас 153 нь Хятад, 38 нь Малайзын иргэн байсан юм.