Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин 2015.08.03-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia Rio маркийн автомашинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан үйл явдал болсон билээ.
Тэгвэл эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлыг таслан зогсоох шийдвэрийг эргэлзэх зүйлгүйгээр гарган Цагдаагийн албан хаагчийн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Н.Энхтүвшин ахлах ахлагчийн жолоодож явсан албаны 2076УНҮ улсын дугаартай Киа Рио маркын автомашинд гарсан гэмтлийг Киа Моторс Монгол ХХК нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллагын хувьд үнэ төлбөргүйгээр засч өгөх шийдвэр гаргалаа. Энэ мэт анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бусдын эд хөрөнгө цаашлаад эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах үйлдлийг гаргахгүй байх тал дээр жолооч бүхэн анхаарч замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.