08.08

“Шээж буй хүү”-д шинжилгээ хийнэ

Бельгийн нийслэл Брюссель хотын төвд байрладаг Шээж буй хүүгийн барималд рентген шинжилгээ хийгээд уг баримал үнэхээр л 1619 онд хүрлээр хийгдсэн эх хөшөө гэдгийг нотлон харуулах гэнэ шүү. Энэ тухай Брюссель хотын Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.

Бельгийн нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон уг хөшөөг судлах ажлыг хариуцах бүлэг эрдэмтдийн бүрэлдэхүүнд багтсан Брюсселийн чөлөөт их сургуулийн Электрохимийн төвийн ажилтан Амандин Краббе “Хөшөөг урласан материалд хийсэн рентген шинжилгээ уг баримлыг үнэхээр л 17-р зууны эхээр хийгдсэн эсэхийг харуулах болно. Тэр үед хүрлийг гаргаж авахын тулд никелийг ашигладаггүй байсан юм” хэмээжээ.

“Шээж буй хөвгүүн” нэртэй хүрэл усан оргилуурыг 1619 онд бүтээжээ. Гурван настай хүүгийн хагас метр өндөр энэ хөшөөг хотын төв талбай болох Гран-паласаас 200 метрийн зайд байрладаг Этюв, Дю Шене гудамжнуудын огтлолцол дээр сүндэрлүүлсэн юм.