Авлигын хэргээр Цагдан хориход хоригдож буй Г.Дэнзэн өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Тэрбээр хорих хугацааг сунгасныг эсэргүүцэж ийнхүү хугацаагүйгээр хуурай өлсгөлөн зарласан байгаа.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад захидал бичжээ.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болох С.Олзод, З.Болдбаатар, М.Алдар нарт хандсан аж.
Энэхүү захидалдаа, “Хүнийг шүүхээр ял шийтгүүлээгүй байхад урьдчилж ял эдлүүлэхээ зогсооно уу. Хүнийг нотлох баримтаар биш сэжиг таамгаар хорьдог 1937 оны арга барилаа зогсооцгооно уу. АТГ-ын гар, хөл болж, хэлсэн үг болгоныг нь биелүүлдгээ болино уу. Хараат бус ажиллана уу” гэсэн байна.
Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Бадамцэцэгт “АТГ-ын хэлсэн үг болгоныг хийдгээ болино уу. Хараат бус ажиллана уу. Хуулийн дагуу хяналтаа тавина уу” гэсэн шаардлага хүргүүлжээ.
Түүнчлэн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Ц.Нямдорж, мөрдөгч Н.Тамир нарт ч захидал явуулсан байна.