03.11

Хуванцар сав “хор” агуулдаг

Сүүлийн үед манай оронд уул уурхай ихээр хөгжиж байгаатай холбоотойгоор химийн бодисын хэрэглээ ихэссэн. Тэр их химийн бодисыг төрөл бүрийн саванд хийж оруулж ирдэг. Энэ нь та бидний сайн мэдэх шар, хөх хуванцар сав. Янз бүрийн савтай химийн бодис оруулж ирж хэрэглэчихээд хоосон савыг нь иргэдэд хямд зарж байна. Иргэд түүнийг нь хямд төсөр хэрнээ авсаархан хэмээн урд хөршид үйлдвэрлэсэн хуванцар сав хэрэглэх нь ихэсчээ. Шар, цэнхэр өнгийн 20, 25, 30, 40, 100, 120, 200 литрийн усны савгүй айл бараг байхгүй. Ялангуяа гэр хорооллын иргэд ундны усаа 20 литрийн шар, цэнхэр саваар зөөж, 200 литрийн саванд юүлдэг нийтлэг төрхтэй. “Нарантуул” захын сав суулга зардаг хэсгийн барааг цэнхэр, шар өнгийн саваар чимэглэх болсоор даруй олон жил өнгөрсөн ч эдгээр савыг хаана хийдэг, хаанаас оруулж ирэх нь бидэнд ямар ч хамаагүй мэт хэрэглэсээр байна. “Хагарч цоороогүй байвал барав” хэмээн хэрэглэдэг эдгээр хуванцар савыг худалдан авч ундны ус, айраг, тараг, сүүгээ хийж зөөвөрлөх нь элбэг. Гэтэл энэхүү хагарч цуурдаггүй, хямд төсөр, хөнгөн нимгэн эд нь хүний эрүүл мэндэд хортой цаашилбал хорт хавдар үүсгэдэг аж. “Ундны ус хадгалах, зөөвөрлөх савны судалгаа”-г Нийгмийн эрүүл мэндийн хүрэлээнгээс 2009 онд хийжээ. Судалгаанд хүн амын дийлэнх нь усаа хадгалж хэрэглэдэг савнаас загвар болгон “Нарантуул”, “Хархорин” зах дээр зарж байсан хүнсний зориулалтын тос хийдэг канистер, хөнгөн цагаан, том цэнхэр сав, төмөр хувин болон супермаркетад худалдаалж байсан цэвэр усны нэг литрийн сав тус тус шинжилжээ. Хар тугалгын шилжилтийн хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус, эрүүл ахуйн шардлага, чанар аюулгүйн байдлын үнэлгээ” MNS 900:2005 үндэсний стандартад заасан хэмжээ 0.01 мг/л байдаг байхад тосны канистерт 500-800, том цэнхэр саванд 60- 72 дахин их, формальдегидын шилжилтийн хэмжээ 0.1 мг/л байх ёстой байхад тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их агууламжтай байжээ. Энэхүү саванд ус хийгээд удаан хугацаагаар хадгалах тутамд хар тугалга, формальдегидын хэмжээ нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл, хор нь улам ихэсч хүний бие эрхтэнг хордуулж байна гэсэн үг юм. Тиймээс гурав, зургаа, долоо гэсэн тэмдэглэгээ кодтой болон кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар хэрэглэхгүй байх, хоёр, дөрөв гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхийг Эрүүл мэнд, спортын яам болон холбогдох судалгааны байгууллагаас анхааруулж байгаа юм. Ер нь хар тугалга нь хувийн жин ихтэй, хортой металл болно. Байгальд дан байдлаар тохиолдох нь маш ховор боловч 80 орчим эрдсийн найрлагад ордог. Хар тугалга хутгаар хэрчигддэг, хумсаар мөр гардаг. Зөөлөн давтамхай шинж чанартай. Давсны ба хүхрийн хүчил бараг үйлчилдэггүй. Нэмэх хоёр ба нэмэх дөрөв исэлдлийн зэрэг үзүүлнэ. Нэмэх хоёр исэлдлийн зэрэгтэй илүү тогтвортой. Амархан хайлдаг, боловсруулахад хялбар дөхөм учраас өргөн хэрэглэдэг. Хар тугалгаар аккумуляторын тугалган дугтуй, химийн үйлдвэрийн хүчилд тэсвэртэй тугалган аппарат хэрэгсэлд хэрэглэнэ. Хар тугалгын нэгдлүүд бусад хүнд металлын адил хортой боловч зарим нэг нэгдлийг эм болгон ашигладаг. Формальдегид гэдэг нь хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис бөгөөд энэхүү химийн бодис нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, ялангуяа хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөрийг гэмтээж, архаг хууч өвчин үүсгэдэг юм. Үүнд холбогдох байгууллагын зүгээс ямар ажил хийж байгааг тодрууллаа. ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн

Ц.Хандармаа: Эхний ээлжид иргэдэд мэдээлэл өгөх талд анхаарч байна

-Эрүүл мэнд, спортын яамны зүгээс нэгдүгээрт, сүү сүүн бүтээгдэхүүн савлах, хадгалах, тээвэрлэх журмыг шинэчлэх, хоёрдугаарт, хуванцар сав, техникийн ерөнхий шаардлага MNS1010:1986 стандартыг шинэчлэх, гуравдугаарт, хүнсний бүтээгдэхүүний нийтлэг сав, баглаа, боодлыг өөрчлөх зэрэг арга хэмжээг авна. Үүний үр дүнд бүх нийтээр аюулгүй, хорт бодисгүй савыг хэрэглэж хэвших байх гэж төлөвлөж байгаа. “Химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах стратеги”-ийг Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн оны арванхоёрдугаар арын 5-ны өдрийн 425 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлээд эхэлчихсэн. Мөн химийн бодис зөөвөрлөж ирсэн савыг ахуйн зориулалт болон хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах сав болгон хэрэглэх, түүнээс үүсэх химийн хордлогын талаарх сэрэмжлүүлэг, иргэдэд мэдээлэл, мэдлэг олгох талаар тусгасан үйл ажиллагааг энэ онд зохион байгуулахаар ажиллаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, орон нутгийн засаг, захиргааны оролцоо бидэнд маш чухал байна. Жишээ нь, Өмнөговь аймагт уул уурхайн салбар их хөгжиж байна гэж яриад байдаг. Тэнд болж буй үйл явцыг орон нутгийн засаг, захиргаа нь биднээс илүү мэднэ шүү дээ. Тиймээс бид түүнд тулгуурлаж, дахин судалгаа хийнэ. МХЕГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга

Л.Гэрэлмаа: Шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ чангарсан

-Шинэ хууль гарсантай хол- боотойгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, импортлох нь тухайн аж ахуйн нэгж, бизнес эрхэлж буй хүмүүсийн хариуцлага байдаг. Ямар нэгэн асуудалтай, хууль бус бүтээгдэхүүн байвал тэд хариуцлагаа 100 хувь хүлээх эрхзүйн зохицуулалт үйлчилж байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн 10, Монгол Улсад үйлдвэрлэсэн хар хөх өнгийн 25, Солонгос улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 20 литрийн багтаамжтай шинэ сав мөн солонгост үйлдвэрлэсэн хуучин цагаан өнгийн 10, БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн 25, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй цэнхэр өнгийн 120 литрийн багтаамжтай саванд шинжилгээ хийж хортой болохыг тогтоосон. Шинэ, хуучин гэлтгүй хуванцар сав хортой. Хилээр орж ирэхэд хяналт шалгалт хийдэг. Гэвч эдгээр савыг хоосон оруулж ирдэггүй. Дотор нь ахуйн болон химийн бодистой байдаг. Тэдгээр нь мэдээж хууль ёсны зөвшөөрөлтэй байж таарна. Энд оруулж ирээд хэрэглэж дууссаны дараа хоосон саваа хямд үнээр зарж борлуулдаг. Тэгэхээр түүнийг нь иргэд авахгүй байх шаардлагатай. Авахгүй бол аяндаа зах зээлээс шахагдана. Эхний удаад ард иргэд болон хуванцар сав зарж, борлуулж байгаа хүмүүст мэдээлэл өгсөн. “Зарж болохгүй. Ийм хортой байна” гэдгийг хэлээд байхад хүлээж авахгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн зах дээр гэлтгүй үйлдвэрлэлийн нөхцөлд зориулалтын бус саванд бүтээгдэхүүнээ хийсэн тохиолдол бүрийг шалгаж байгаа. Шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн тохиолдолд авах арга хэмжээ чангарсан. Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-10, хуулийн этгээдийг 10-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно. Үүнээс гадна зах зээлд дахин гаргаж худалдаалах эрхийг хасах, хууль бус бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хор судлалын алба”-ны дарга

 С.Өнөрсайхан: Манайд үйлдвэрлэж байгаа цэвэр усны савны дийлэнх нь тэмдэглэгээгүй

-1997 онд хуванцар үйлдвэр- лэгчдийн холбооноос гаргасан хуванцрын ангиллыг одоо дэлхий нийтээр мөрдөж байна. Хуванцрыг доторх найрлагаас хамааруулаад 1-7 хүртэл ангилдаг юм. Дэлгүүрт зарж байгаа цэвэр усны савны доод талыг харвал цуваа гурван зураасны дотор 1PET гэсэн тэмдэглэгээтэй байх ёстой. Гэтэл манайд үйлдвэрлэж байгаа цэвэр усны савын ихэнх нь тийм тэмдэглэгээ байхгүй. Юунд зориулсан болох нь тодорхойгүй байдаг. Хуванцраас висвеннол А буюу хорт хавдар үүсгэдэг BSA гэж олон улсад тэмдэглэдэг, маш хүчтэй бодис ялгардаг. Гэхдээ үүнийг уугаад л үхчих юм байна гэж ойлгож болохгүй. Хор нь бага багаар шилжсээр өдөрт 2.5 л уугаад 70 кг жинтэй хүн 5-10 жилийн дараа хавдраар өвчлөх магадлалтай. Тэгэхээр иргэд нэг буюу тав гэсэн дугаартай савыг хэрэглэх хэрэгтэйг маш сайн анхаарах шаардлагатай байна. Ер нь хүнсний бүтээгдэхүүнийг шилэн саванд хадгалах хамгийн аюулгүй гэж үздэг. Хуванцар савыг хот хөдөөгүй хэрэглэж байгаа. Нийт хэрэглэгчдийн 63 хувь нь хуванцар сав сонгож байгааг судалгаагаар тогтоосон. Гэхдээ хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс хотынхныг бодвол арай бага хэмжээтэйгээр хуванцар сав хэрэглэдэг байх. Удахгүй айраг цагаа гарна. Энэ үеэр малчид битгий химийн хортой саванд айргаа хийгээсэй. Манайх хянадаг, зохион байгуулдаг байгууллага биш судалгааных учраас судалгаа хийж, үр дүнгээ олон нийтэд танилцуулсан. Судалгааны дүнг Эрүүл мэнд, спортын яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Ер нь бид хор, хоолоо ялгаж сурах хэрэгтэй. Хуванцар савны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Үүнд багасгалаа, бүр хэрэглэхээ болилоо гэхэд оронд нь юу хэрэглэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг дараагийн сурвалжлагаараа уншигч танд хариулах болно