08.11

Арав хоногийн дараа амаа барин суух вий дээ

Харилцан итгэлцэж, хамтдаа эдийн засгийн хямралыг давахаар гэрээ байгуулсан МАНАН өнгөрөгч долоо хоногт сүр дуулиантайгаар “гэр бүл”-ээ цуцалсан. Бие бие рүүгээ хамгийн хорон үгийг шидэлцэж, хошин шогийн хэдэн продакшныг ажилгүй болгох шахлаа, манай улстөрчид. Сүр дуулиантай “салалт” энэ намрын туршид үргэлжлэх нь дамжиггүй. Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, бодлогын яамдынхаа сайд нарыг үргэлжлүүлэн өргөн барих учиртай Гүйцэтгэх засаглалын тэргүүн намынхаа фракцийн дарга нарт “базуулчихаад” сайд нараа ч өргөн барих эрхгүй явж байгаа гэх. Өчигдөр бүлэг, ажлын хэсгийнхээ хурлыг орхичихоод АН-ынхан сайдын тохироогоо хийж дотооддоо хэрэлдэж маргалдаж өнжлөө.

МАН-ынхан төрийн ажил бидэнд хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж, арайхийн ирцээ бүрдүүлж Өршөөлийн хуулийг хэлэлцэв. Энэ зургаан сайдаас гадна төрийн яам агентлаг, хэлтэс албадуудад дахиад л “их цэвэрлэгээ” хийгдэнэ. Тэгэхээр энэ намар тэр чигтээ л халаа сэлгээгээр үргэлжлэх бололтой. Төрийн ажил ийм л цалгар, назгай байдлаар үргэлжилж байна. 10 хүрэхгүй хоногийн дараа монголчууд ургацынхаа хэдэн хувийг алдсан бэ гэдэг нь тодорхой болох гэж байна.

Төр засгийн тэргүүн, салбар яамны анхаарал тэр чигтээ л газар тариалангийн бүс нутаг руу чиглэх хариуцлагатай цаг үе ирчихлээ. Гэтэл салбарын сайд, Ерөнхий сайд, эрх баригч нам гээд бодлого шийдвэр гаргаж, цаг үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийж байх учиртай улстөрчдөд дараагийн сайд хэн болох, ах дүү амраг саднаа хэрхэн ажилд оруулах вэ гэдэг л юу юунаас эрхэм байх юм. Монгол Улс энэ жил гантай зуныг үдэх гэж байна.

Хэдийгээр наадмаас хойш тасралтгүй бороо орж ган тайлагдсан ч малчид, тариаланчдын хувьд энэ бол оройтсон хур гэж байна. Ургацын болц нь гүйцэх учиртай зургаа, долдугаар сард дусал бороо ороогүй учраас ургацынхаа 50 хувийг алдах нь тодорхой болчихсон. Говийн ганц нэг аймаг, Булган, Архангайгаас бусад аймгууд хадлан тэжээл бэлтгэж чадахгүй нь тодорхой болсон. Ахмад настнуудын амнаас бичин жилийн зуд дахин давтагдах нь гэсэн үг дуулдаж, малчид хэдэн аймаг, сум дамжин отор нүүдэл хийж байгаад анхаарч байгаа хүн ширхэг ч алга байна гэвэл хэтийдсэн болохгүй биз.

Алдсан ургацыг тэжээл болгох ажлаа эхлүүлээч

Саяхан Аж үйлдвэрийн сайдтай газар тариалангийн бүс нутгаар албан томилолтоор ажиллах үед сэлэнгэчүүдийн ганц хүссэн зүйл нь аль аль талдаа ашигтай байдлаар энэ ган гачгийг давж гарах тухай санал. Малчиддаа ч хохиролгүй, тариаланчид ч алдагдалгүй гантай жилийг давах гарц нь алдсан ургацыг малын тэжээл болгон бэлтгэх явдал аж. Улс нэг ширхэгийг ч үлдээхгүй хураасан буудайг нь авч, ургаагүй хэсгээр нь малын тэжээл бэлтгээд зуд болсон тохиолдолд ашиглах саналыг тэд гаргаж байлаа.

Ингэвэл аль аль талдаа алдагдалгүй бизнес болчихно. Тэртэй тэргүй л төр тэжээл бэлтгэж улсын нөөцөд авдаг учраас ургацаа алдсан иргэдийн тариаг тэжээл хэлбэрээр боловсруулаад авчихад болохгүй гэх зүйлгүй. Уг нь санаагаар болдог бол малын тэжээл бэлтгэдэг бүх л аж ахуйн нэгжүүдийг өнөөдөр салбарын сайд, Ерөнхий сайд хоёр өрөөндөө дуудаж уулзаад энэ талаарх яриа тохиролцоог хийгээд сууж баймаар. Алдсан ургацаа ч мөнгө болгох гүйлгээ ухааныг хаа холын жижигхэн суманд амьдарч буй өвгөн олчихоод сууж байхад, манай удирдагчдын толгойд буугаагүй гэхэд итгэмээргүй.

Ургац алдчихвал буудай гаднаас худалдаад авчихна аа гэсэн гэнэн мөрөөдөлтэй хүн л энэ салбарыг удирдаад явж байх жишээний. Салбарын сайд, газар тариалангаар шоу хийсэн хэсэг бүлгийн маргаанд ард түмэн хохирчихоод байхад дампуурсан салбарын ажлыг эмхэнд нь оруулж, нэгдсэн бодлоготой болгох хууль, тогтоолын төсөл боловсруулж байгаа гишүүн байхгүй байна гэдэг эмгэнэл биз дээ.

Төрийн өгдөг урамшууллаас татгалзъя

Ийм уриалга хэдийнэ гараад эхэлчихэж. Тариалан эрхлэгчид нэг удаагийн эрсдэлээ даах чадвартай байдаг. Газар тариалангийн бизнес гэдэг хэн дуртай хүний хийдэг бизнес биш. Тэр ч утгаараа нэг удаагийн алдагдлаа даах чадвартай, гантай жилд ямар талбайд юу тарих вэ гэдгээ мэддэг хүн л энэ бизнес рүү ордог гэдгийг хашир тариаланчид хэлж байх юм. Уринш хийгээгүй талбайд баахан үр цацчихаад эргээд төрийг зүхэж суугаа нь туршлагатай тариаланчаас лав гарах үйлдэл биш.

Цаг агаарын мэдээ худлаа хэлснээс болж ургацаа алдлаа хэмээн зарим нь дөвчигнөх. Уринш хийсэн талбайд, ургац өгнө шүү энэ жил гэдгийг хэлсээр байхад ашгаа бодож, хамаг тариагаа салхинд хийсгэж орхисон хүмүүс цөөнгүй байх юм. Тиймээс хэн дуртай нь буудай тарьчихаад төрийг дарамталдаг назгай байдлыг ч засч залруулах ажлыг Засгийн газар хийх цаг нь болжээ. Энэ салбарт нэгдсэн бодлого дутагдаж байгаа нь илт.

Газар тариалангийн талбайг хяналтгүй, замбараагүй байдлаар гадна, дотны компаниудад олгодог, эргээд тэр нь ямар ч ашгаа өгдөггүй, урамшуулал нэрээр төрийг дарамталж мөнгө авдаг монополь компаниудын асуудлыг системээр нь өөрчилж шийдэхгүй л бол төд удахгүй бид ямар ч үржил шимгүй хэдэн мянган га газартай үлдэх нь. Газар тариалангийн компаниуд нийгмийн хариуцлага хүлээдэггүй гэдгийг ч нутгийн иргэд хэлж байх юм.

Хэдэн мянган га талбайг нь ашиглаж байгаа атлаа цэцэрлэгийн дээвэр засчих хэдхэн сая төгрөг гаргах сэтгэлгүй байгаа тэдэнд төр ер нь урамшуулал өгөх шаардлага байгаа юм уу. Энэ үгийг иргэд өөрсдөө хэлж байна. Хэдэн мянган га-д хүнсний ногоо тариалж дотоодын хэрэгцээгээ хангадаг ногоочид яагаад тэр урамшууллыг нь авч болдоггүй юм бэ. Ингэж асуух шалтгааныг  ч буудайгаар шоудсан хэсэг бүлэг өөрсдөө бий болгожээ.

Ургацынхаа 70 хувийг алдлаа гэж цуурхал дэгдээж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг өсгөчихсөн тэдэнд тооцох хариуцлага гэж байна уу, Ерөнхий сайд аа. Буудай тарина аа гэсэн хүн бүхэнд урамшуулал өгч, эргээд тэдний ажилд хошуу дүрдэг байдлаа төр одоо зогсоох цаг нь болсон юм биш үү. Монголын газар тариалангийн толгой компаниудын нэг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр урамшуулал өгчихөөд, эргээд тийм буудайг тэдэн га-д тариал, тэгвэл худалдаж авна гэх мэтээр дарамталдаг талаар ярьсан байх аж. Мөн урамшууллаас татгалзах ажлыг ч эхлүүлнэ хэмээн ярьжээ.   

Сэлэнгэчүүдийн маргааныг хэзээ шийдэх вэ

Иргэн: Сайн байна уу, дарга аа, сайхан зусч байна уу.

Дарга: Сайн, танайхан сайхан зусч байна уу.

Иргэн: Өө сайхан, сайхан. Би бүр таньтай уулзах гэж бөөн л юм боллоо.

Дарга: За яасан юу болов.

Иргэн: Та яагаад манай газрыг хашаалчихсан юм бэ. Ямар шалтгаанаар хашаалчихсан хэрэг вэ.
 
Дарга: Үгүй яахав дээ. Шаардлагатай болоод л хашаалчихсан.

Иргэн: Та тодорхой хариулт өгөөч. Манайхыг ямар шалтгаанаар хашаалчихав.

Дарга: ..../Түгдрэв/

Иргэн: Юм хэлээч ээ. Хэний захиалгаар та манай газрыг хашаалчихсан юм бэ. Ер нь ийм Засаг даргатай байсан ч яалаа, байхгүй байсан ч яалаа. Та ер нь юу бодож ийм юм хийдэг хүн бэ.

...Ийм нэгэн яриа Сэлэнгэ аймгийн нэгэн суманд гарсан юм. Хэлэх үггүй зогсох Засаг дарга, хийсэн үйлдлийг нь буруутгаж даргаа загнах бүсгүй хоёрын маргаан өнөөх л мөнхийн сэдэв мэт яригдаж ирсэн бэлчээр, газар тариалангийн газрын маргаанаас үүдэлтэй. Зарим иргэд бүр махалж ачаад хятад руу гаргаач, бүгдийг нь нядалмаар хэмээн хэдэн малчдаа адлах. Хаваржин, зунжин халуун наранд түлэгдэж ургуулсан тариаг нь мал ороод сүйдлэх нь хэнд таатай биш.

Тэглээ гээд амьдралаа залгуулж яваа малчдынхаа үхэр, малыг хашаад байх аргагүй. Малчин, тариаланч хоёрын мөнхийн маргаанд нутгийнх нь удирдлагууд хэлэх үг олдохгүй түгдэрч зогсдог нь энэ мэт ярианаас илхэн. 13 сумаар ороход малчин, тариаланч хоёрын газар нутгаа булаацалдсан маргаан улам бүр даамжирсаар байгаа нь илт. Сэлэнгэ аймгийн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг хэмээн тодорхойлоод, энэ чиглэлийнх нь ажлуудыг төр эрчимтэй дэмжээд өгчихвөл асуудал шийдэгдчих юм билээ. Гэтэл эрчимжсэн мал аж ахуйн төсөл хөтөлбөр аймаг дээрээ уначихдаг, тариалангаа хамгаалсан тариаланч малчдын өмнө бурууддаг, өстөн дайсан болчихдог асуудал өнөө хэр сэлэнгэчүүдийн толгойн өвчин болжээ.

Энд төрийн бодлого л хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуй, энэ чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл саалийн хэдэн үнээгээ зараад фермерийн аж ахуй эрхлэх, эцэг малын үүлдэрийг сайжруулах, мах, сүүний чиглэлийн үхэр өсгөх хүсэлтээ олон зуун иргэд байдаг нь илт. Газар тариалангийн салбараа бодлогоор дэмжих, цаашлаад бүс нутгийн тэргүүлэх чиглэлийг зөв тогтоож, түүндээ нийцсэн бүтээн байгуулалт хийх асуудалд сэтгэлээ чилээх хүн энэ төр засагт байгаа хэмээн ард түмэн итгэл тээн хүлээсээр.

50 хувиар ургацаа алдлаа гэж урвайж, уурлах хүн тэдэн дунд алга. Тарьсан буудайг нь үнэгүйдүүлж байгаа төрийн бодлогод ундууцах хүн бишгүй олон байна, Р.Бурмаа сайд аа. Төр ажлаа хийгээд өгөөч. Халаа сэлгээгээ хойш тавиад, хамгийн түрүүнд шийдэх энэ мэт асуудлаа хийгээд өгөөч хэмээн дамжуулсныг уламжилъя.