Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. Эл хууль нийгэмд хүлээлт үүсгэж байгаа ч хууль санаачлагчид батлуулчих байх гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Уг хууль батлагдаад, хүчин төгөлдөр үйлчилж эхэлбэл 4000 гаруй ялтны хэрэг хөнгөрч, 2400 ялтан наранд гарах аж.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчдийн тал хувь нь суллагдах боломжтой бол Хүүхдийн хорих ангид бараг үлдэх хүнгүй болох ажээ. Өнгөрсөн 2009 оны Өршөөлийн хуулиар Хүүхдийн хорих анги 100 гаруй хүмүүжигчтэй байснаас суллагдаж, дөрөвхөн хүүхэд үлдэж байсан юм.
Гэвч энэ хууль батлагдвал эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ гэж үзэх хүмүүс ч байна. Очих гэр оронгүй хүмүүс гарч ирээд дахиад л гэмт хэрэг үйлдэж шорондоо орно. Нийгэмшиж чадахгүй, ажлын байр байхгүй болохоор суллагдсан тэд буруу замаар явна. Үнэндээ эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ.
Төр иргэдээ өршөөж, уучилж болно. Хамгийн гол нь, наранд гараад ирэхээр нь эелдэгээр хүлээж авч, ажилтай, орлоготой болгоход нь анхаарах хэрэгтэй. Түүнээс суллагдаад л тэд сайн сайхан гэгээрсэн хүмүүс болж чадахгүй. Янз бүрийн ааш араншинтай хүмүүс гарч ирнэ. Замаа засаад аваад явах нэгэн байхад бүр засрахгүй, гэмт хэрэгт холбогдох нэгэн ч байна гэдгийг хэлж байна.