УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж батлагдав. Нууцын зэрэглэлд хэлэлцэгдэн батлагдсан Өршөөлийн хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамруулах нөхцөл байдлыг нарийвчлан тусгасан талаар холбогдох албаныхан мэдээлж буй.
Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд зөвхөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу Хээл хахуульд зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ.
Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар тусгагдсан байна. Түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр хянан хэлэлцэх шатандаа байгаа, хүндэвтэр болон хүнд ангилалд хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох аж. Үүнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд явж буй хэргүүд ч хамаарах юм байна.
Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонссон “МИАТ” ХК-ийн экс удирдлагууд, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Ц.Батбаяр, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, ИХШХЕГ-ын дарга асан Б.Пүрэвдорж, Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын хэрэг ч мөн адил өршөөгдөж, хоригдож байгаа тэд “нар”-нд гарах ажээ.