-ЭНЭ НЬ АТГ-ЫНХАНД ХҮНД ТУСЧ БАЙГАА БОЛОЛТОЙ-
Өршөөлийн тухай хууль батлагдсан сургаар АТГ-аас санаатай буюу санамсаргүйгээр хуулийн эсрэг ухуулга хийж эхлэв. Өршөөлийн хуулиар суллагдах хэрэгтнүүд нийгэм болон иргэдэд учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй, эрх чөлөөтэй болох гэж байна. Гэмт хэрэг үйлдэж, улсад хэдэн тэрбумын хохирол учруулчихаад Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа нь шударга бус гэх ухуулга хийх болов. Энэ хуулиар анх удаа санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг төрөөс нэг удаа уучилж энэрлээ үзүүлж байгаа л явдал. Уг нь АТГ гэдэг хуулийг шударгаар сахиулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага.
Гэвч тэд иргэдэд уг хуулийн талаар худал мэдээлэл түгээж, өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс Өршөөлийн тухай хуулийг тайлбарлаж, хуулийг эсэргүүцэх сэтгэл зүйг олон нийтэд төрүүлж байгаа нь Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна ч гэж ойлгож болохоор хэмжээнд хүрээд байгаа нь нууц бус. Өдгөө АТГ-т шалгаж буй албан тушаалаа урвуулан ашигласан болон авилга авсан, өгсөн зэрэг гэмт хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар шалгагдаж буй цөөнгүй хэрэг бий.
Харин энэ бүхнээс хэнийг хамруулж болох болохгүйг шүүхийн байгууллага, шийдэх бус харин АТГ-ын заавар, үзэмжээр Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буйгаа тус байгууллагын Тамгын газрын дарга хэлээд авав. Мэдээж түүнд үгийг хэл гэж их дээрээс заасан байж ч мэднэ. Учир нь АТГ гэдэг байгууллагыг дээрээс нь залж чиглүүлдэг, өөрийн хүсэл зорилго, үл таалагдсан хүмүүсийг намнахад ашигладаг “Том хар гар”-т Өршөөлийн тухай хууль таалагдсангүй бололтой.
Өршөөлийн хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Гэтэл АТГ-ийн өөрсдийн өмгөөлөлд багтсан албан тушаалтаныг шийтгэдэггүй. Тиймээс ч АТГ-аас өөрт хамааралтай хэргийг Өршөөлийн хуульд оруулж болохгүй гэж тулган шаардах болов. Тиймээс ч АТГ-т шалгаж буй хэргүүд Өршөөлийн тухай хуульд хамрагдах ёсгүй гэж хэлэх“хүүхэлдэй” хэн нэгэнд хэрэг болсон нь АТГ-ын Тамгын газрын дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням болж таарчээ. АТГ яагаад Өршөөлийн тухай хуулиас айх болов. Тэдэнд ямар нэгэн шалтгаан шалтаг байна гэж үү. Иргэдээ хуулийн өмнө өмгөөлж, үнэн зөвийг шударгаар тогтоож, улс орны эдийн засаг, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий энэ том байгууллага дээрх хуулийн өмнө юунд ийнхүү сандарна вэ.
Харин ч уг хууль батлагдвал гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа олон мянган иргэн өршөөгдөхөөс гадна улс оронд ч олон талын ач холбогдолтой гэдгийг тооцоолж шийдвэр гаргах ёстой баймаар. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд АТГ-т шалгаж шийдсэн гэхээсээ илүүтэй тус байгууллагаас олон нийтэд зарласан хэрэг нь илүү их жин дарах байх. Шалгасан эсэх нь тодорхойгүй, шалгах үгүй нь ч бүрхэг хэргийг гэм буруутайг нь тогтоосон мэт АТГ-аас хэвлэлийн хурал хийж, олон нийтэд зарладаг. Нийгэм тухайн хүнийг, албан тушаалтныг гэмт хэрэгтэн, авилгач, хууль зөрчсөн буруутан хэмээн хардаг болтол нь сурталчилдаг. Ийнхүү хуулийн дагуу гэм буруутай гэдгийг тогтоогоогүй байж, нийгэмд гэмт хэрэгтэн болж харагдсан иргэнийг шүүх яллахаас өөр гарцгүй болдог. Хэрэв шүүхээс гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд шүүх байгууллага шударга бус, шүүгч нь авилга авсан буруутан болж нийгэмд харагддаг. Энэ нь хамгийн байж боломгүй зохисгүй асуудал болоод байна.
Сүүлийн жилүүдэд АТГ-т шалгаж буй хэргүүдээс олон нийтийн анхаарлыг татсан нь“Нүүрс” хөтөлбөр. Энэ хэрэгт хохирогч, авсан, өгсөн авилга байхгүй, харин ч энэ хөтөлбөр хэрэгжсэнээр тухайн аж ахуйн нэгжүүд нь ашигтай ажиллаж, иргэдийг хямд нүүрсээр хангаж, ажлын байр шинээр бий болсон гээд ололттой тал нь илүү байдаг. Энэ хэргийг хэрхэн зохиосон, гэрчээр яаж худал мэдүүлэг өгүүлдгийг, шинжээчээр яаж худал дүгнэлт гаргуулсныг хүнд хэрхэн хэрэг зохиож, тохдогийг харуулна гэдгээ Л.Гансүхийн өмгөөлөгч мэдэгдээд байгаа билээ. Тиймээс ч тэдний зүгээс ирэх даваа гаригт болох шүүх хурлыг олон нийтийн хэрэгслээр дамжуулах хүсэлт тавихаар болоод байгаа юм билээ. Авлигатай тэмцэх газар Л.Гансүх гэдэг хүн гэмт хэрэг хийсэн, 13 тэрбум төгрөг шамшигдуулсан гээд зарлачихсан. Бараг хоёр жилийн турш ийм сенсаци явлаа. АТГ-ын зарлаад байсан энэхүү гэмт хэрэг нь үнэндээ ямар үйл явдал, ажил төрөл байсныг олон нийт мэдэж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл хуулиар халхавчилсан сүүдрийн улс бий болсон байна. Үнэндээ Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа бүх хэрэг нь өршөөгдөж буй болохоос нийгэм, иргэдэд учруулсан хохирол нь заавал төлөгддөг гэдгийг АТГ мэдэхийн цаагуур мэдэж байх ёстой.
Гэтэл тэд иргэдийн хуулийн мэдлэг тааруухныг далимдуулж сүүлийн өдрүүдэд 55 хүнээс 45 хүн өршөөгдөж, улсад учирсан12 тэрбумын хохирол төлөгдөхгүй болох гэж байна хэмээн худал мэдээлэл цацаж байгаа нь улс орны эрх ашиг, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэмт үйлдэл болон хувирч байна. Шуудхан хэлэхэд төрийн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь хамгийн аймшигт харгис, иргэн, төр хоёрын дунд үл ойлголцол бий болгож байгаа үйлдэл юм. Түүнээс гадна парламент ямар хууль гаргах, гарахгүйг зааж далдаас зааварлаж байгаа гэсэн үг ч гэж ойлгож болно.
Өршөөлийн хуулийг алдаж гишгэсэн, бодлоггүй, болгоомжгүйгээсээ болж эрх чөлөөгөө хасуулсан олон иргэн хүсэн хүлээж байгаа. Харин хэнийг өршөөж, өршөөж болохгүй эрх мэдлийг АТГ өөрт хамаатуулан авч үлдэж, Өршөөлийн хуулийг ялгавартай хэрэгжүүлж, зохиомол хэргүүд нь худал байсан гэдгийг баталчих вий гэсэн айдас АТГ дээр хуралдчихаад байгаа бололтой. Энэ айдас нь тэднийг Өршөөлийн хуулийг ялгавартай хэрэгжүүлэх, өөрсдийн хамааралтай хэргийг уг хуульд багтаахгүй байхын төлөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүргээд байна.
Д.Лхагва