УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хууль нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэр дундаа алдаж эндсэн, 10 мянган төгрөгийн төлөө шоронд ял эдэлж буй нэгнийг бус албан тушаалаа урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн зуун тэрбумаар нь идсэн хэсэг бүлэгт энэ хууль зориулагдаж хэвлэл мэдээлэлд хүртэл хаалттай байсаар батлагдсан учраас нийгэм маш хүчтэй эсэргүүцэж байна.
Энэ хууль батлагдсанаар анх удаа гэмт хэрэг үйлдэж зүй бусаар хүний амь хөнөөсөн хүмүүсээс гадна авлигын хэргээр шалгуулж байсан бүх албан тушаалтан ялаас чөлөөлөгдөх болно гэдгийг АТГ-ын дарга Э.Амарбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Тодруулбал, албан тушаалын хэргээр ял эдэлж буй болон шалгаж байсан 205 хэрэг цагаадаж, АТГ-т шалгах хэрэг үлдсэнгүй хэмээж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин албан тушаалтнуудыг өршөөх учраас эсэргүүцэж байна хэмээсэн бол авлигачдыг өршөөж Монгол Улс авлигад бууж өгсөн гэдгээ дэлхийд зарласан энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн МАН-ын 26 гишүүн энэ хуулийг эсэргүүцэж, хуулийг хэрэгжүүлэхэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Парламентад суудалгүй нам эвслийн бүлэг ч хуулийг эсэргүүцэж байна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Өршөөлийн тухай хууль үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх талаар үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг байгууллагуудаас мэдээлэл хийхээр болжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахгүй гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал хийхээр болсон байна.
Хэвлэлийн хурал 12.30 цагаас НЗДТГ-ын хурлын танхимд болно. Мөн саяхан байгуулагдсан ХҮН намаас энэхүү хуулийн талаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал зарлажээ.