08.14

Суллагдсан залуусыг нээлттэй ажлын байранд зуучилна

Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр 3000 гаруй ялтан сул чөлөөтэй болно. Тэднийг төр өршөөж болно. Хамгийн гол нь тэд цаашдаа зөв замаар явж, амьдрах ёстой. Дахиж гэмт хэрэг үйлдэн шоронд орохгүй гэсэн баталгаа байхгүй ч тэднийг гараад ирсэний дараа нийгэмшүүлэх асуудал хүчтэй яригдаж эхлэв.

Тэгвэл Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар болжээ. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст нийгэмд хамгийн их хэрэгцээтэй байгаа цахилгаанчин, гагнуурчин, шаварчин, өрлөгчин, барилгын засал чимэглэгч гэх мэт маш олон мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг болсон.

Гэвч тэд мэргэжил эзэмшээд суллагдсаныхаа дараагаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны тал дээр бэрхшээл тулгардаг. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс уг залуучуудад ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах, чиглүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх” сургалтыг зохион байгуулж, ажил олгогчдын санал болгосон ажлын байранд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Энэ сарын 13-наас эхлэн өршөөлд хамрагдах иргэдэд сургалт зохион байгуулж, нээлттэй ажлын байранд зуучилж эхэлжээ.