08.14

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт  иргэн О /24 настай, эмэгтэй/  өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтжээ. Түүний 1 дүгээр хавьтал бүхий нөхөр, 2 охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээнд дээж авчээ.

Иймээс энэ сарын 7-13 хүртэлх хугацаанд аймгийн төвийн Эрдэнэмандал багийн 9 дүгээр гудамж орчимд 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажилласан байна. Зооноз өвчин судлалын үндэсний төвд ирсэн дээжийг шинжлүүлэхэд хариу ’сөрөг’ гарсан тул дахин давтан шинжилгээ хийгдэж байгаа юм байна.

Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.