Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт үе үе осол гардаг ч, үйлдвэрийн удирдлагууд, ослын хохирогчид хав дараад өнгөрдөг. Осолд өртсөн ажилтнууд болон ар гэрийнхэн нь “хохирлын мөнгө, нөхөн төлбөр олгохгүй” байх дарамтаас айхдаа нууцалдаг талаар яриа ч бий. Өнгөрсөн тавдугаар сард тус үйлдвэрийн Баяжуулах фабрикт осол гарч, 28 настай залуу эмнэлгийн тусламж авахаар нийслэлийг зорьж яваад, 22-ын товчооны дэргэд амьсгал хураасан талаар бид мэдээлж байсан. Өвчтөнийг Эрдэнэт үйлдвэрийн эмнэлгийн машинаар авчирч байсан бөгөөд замдаа хэрэглэх өвчин намдаах эм дөрөвхөн ширхэг байсан нь дуусч, өвдөлтийн шоконд орсныг эх сурвалж мэдээлж байв. Ослын дараахан тус үйлдвэрийн хэвлэлийн албаны дарга, хөдөлмөр, аюулгүй байдлын инженерүүдээс мэдээлэл авах гэсэн боловч тодорхойгүй шалтгаанаар татгалзаж, бие бие рүүгээ түлхэж байсан юм. Хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг аймгийнх нь цагдаагийн байгууллага ч “эрүүгийн хүнд хэрэг” нэрийн дор нууцалдаг. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгосон эсэх, үйлдвэрийн зүгээс ямар анхаарал тавьж, арга хэмжээ авсныг тодруулахад ар гэрийнхэн нь “Бид зүгээр. Асуудал шийдэгдсэн” хэмээн хариулахаас татгалзлаа. Амь нас хохирсон асуудлыг хэрхэн шийддэгийн учрыг үл ойлгох тул хариултыг үйлдвэрийн удирдлагуудад үлдээе. Тэгвэл баяр наадмын дараахан дахиад л осол гарчээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагынхан амралтанд явж, том оврын автомашины хоёр жолооч муудалцан, нэгнийгээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Талийгаач залуухан хүн байсан бөгөөд хэрэг үйлдсэн жолооч цагдан хоригдож байгаа аж. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.