Өршөөлийн хууль батлагдан гарсанд зарим нэг албан тушаалтнууд баяртай байгаа бол нөгөө талд гомдолтой бас ширүүн байгаа бололтой. Ерөнхийлөгч уг хуулийн эцсийн найруулгыг гар дээрээ авсаны дараа хориг тавихаа мэдэгдэв. Үнэндээ өршөөлийн хуулиар ял эдэлж байгаа 3000 гаруй хоригдол суллагдах тэдний дотор авлига, хээл хахууль авсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүд хохирлоо барагдуулахгүй суллагдаж буй нь нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа.
Тэгвэл улсын маань Ерөнхийлөгч тун ууртай байна. Тэрбээр өчигдөр Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэлэв. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхийн салбарт өрнөж буй асуудлаар тодорхой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хурлын үеэр Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн.
Мөн тэрбээр “Би прокурор, би мөрдөн байцаагч, би шүүгч гэж үнэмлэхний цаанаас ард түмнийг доромжилж, хүн дээрэлхэхээ боль. Дүрэмт хувцсаа зөв өмс. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг төрийн босгоор алхуулахгүй. Зарим авлигач салхилах гэж Монголд ирдэг юм байна. Төрийн ордон салхилдаг газар биш ээ. Салхилмаар байгаа бол хамсаатнуудаа авчир аа. Оргон зайлсан дүүгээ, туслахынхаа ахыг авчир аа. Гаргасан зүйлээ авчрах гэж гадны улс руу явж байна. Тэгээд чоно борооноор гэгчээр Өршөөлийн хууль батлагдангуут эх орноо санасан гэх нэрийдлээр Монголдоо ирж байна. Энэ ажиллаж байгаа цаг үедээ Монголын хуулийг хэрэгжүүлэхийг дэмжье. Одоо монголчууд авлигачдын эрхшээлд амьдрах уу? Тийм бодолтой байгаа хүмүүст үгүй гэж хэлье. Тийм хүмүүст дураа тат гэж хэлье. Авлигачдын эрхшээлд биш хуулийн эрхшээлд амьдаръя. Хэрэгтэй үед нь хэлдэг үгийг л үнэн үг гэдэг юм. Авлигатай тэмцэж буй энэ шударга ажилтнуудад ийм үг хэрэгтэй байгаа. Тийм хүмүүсийг мохоож болохгүй. Бидний бие мөнх биш. Монгол мөнх гэдгийг би хэлье” гэжээ.