08.17

Автобусны чиглэлийг өөрчилснөөр иргэд илүү зардал гаргадаг боллоо

Нийтийн тээврийн үйлчилгээнийхэн шинэчилсэн төлөвлөлтөөрөө өнгөрсөн амралтын өдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Харин автобуснуудын чиглэлийг өөрчилж, нийслэлийн иргэдийн цагийг хэмнэнэ хэмээн найдаж байсан энэ ажил олон хүний дургүйцлийг хүргэв. Учир нь, иргэд өмнө нь нэг автобусаар зорчиж хүрэх газраа хүрдэг байсан бол одоо дор хаяж хоёр дамжих хэрэгтэй болж байна. Ингэснээр иргэдийн халааснаас гарах мөнгө ч нэмэгдэж байгаа юм. Уг нь нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэлийг эхлүүлэхээс өмнө өдөрт олон удаа автобусанд дамжиж суудаг иргэдэд хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцаж байсан. Гэтэл Автобус компаниуд “Алдагдалд орно” гэсэн учир иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ илүү зардал гаргахаар болж байна. Энэхүү ажлыг анх эхлүүлэхдээ автобусны чиглэлийг эдийн засгийн үр ашигтай, оновчтой төлөвлөнө хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ нь автобусыг богино зайд зорчуулж, иргэдээс илүү мөнгө авахыг хэлж байсан бололтой.

Б.Номуун