Налайх хотын захирагч Ш.Хаан, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар нарын ивээл дор “Happy hanso rainbow party” хэмээх үдэшлэг Налайх хотын төвөөс зургаан километрийн зайд орших байгалийн цогцолбор газар Бүс нуурын эрэг дээр энэ сарын 21-нд болох гэж байна.
Уг үдэшлэгийг Налайх хотод байрладаг “Happy Hanso”кофе шопынхон санаачилж чадварлаг дижей, хип хоп, R&B урсгалын хамтлаг дуучдыг урьж, нүүр будалт болон боди арт үзүүлбэрүүд зэрэг үйл ажиллагааг хөтөлбөртөө багтаажээ.
Залуучууд солонгын долоон өнгийн хувцас өмсөж уг үдэшлэгт оролцох нь бусад үдэшлээс онцлогтой аж.Тодруулбал, тухайн үдэшлэгийг зорин ирж буй залуучууд олон өнгийн хувцас өмсөх бус солонгын долоон өнгөнөөс өөрийн дуртай өнгөөр дагнасан хувцас өмсөх юм. Ингэж хувцасласан олон хүн нэг дор цуглахад гайхалтай өнгөний нийлбэр бүрдэх юм байна.
Үдэшлэгийг “Х-түц продакшн”-ы жүжигчин Н.Зоригоо хөтлөн явуулж Опозит, Анжелс, Панк эйнд Рейп зэрэг хамтлагууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөр болжээ. Өнгөрсөн сарын аравнаас арван мянган төгрөгийн үнэ бүхий энгийн тасалбар болон хорин мянган төгрөгийн онцгой тасалбарыг борлуулж эхэлсэн байна. Хорин мянган төгрөгийн онцгой тасалбарыг худалдан авсан хүн бүр хоёр найзыгаа дагуулан хамт орох боломжтой аж.
Ш.Цогзолмаа