ОХУ-д явагдсан танктай биатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гараа энэ сарын 15-нд Алабинд болж, ОХУ-ын багийн ялалтаар өндөрлөлөө. Хойд хөршийн баг сүүлийн гараанд түрүүлээд зогссонгүй, нийлбэр дүнгээр ч тэргүүлж, гурав дахь удаагаа дараалан уг тэмцээний аваргаар шалгарчээ.
БНХАУ-ын танкчид мөнгө, Сербийн баг хүрэл медальд хүрчээ. Сербийн баг гуравдугаар байрт орсон нь мэргэжилтнүүдийн таамаглаагүй зүйл байсан аж. Хоёр дахь гараанд түрүүлсэн Казахстаны баг дөрөвдүгээрт оржээ.
Энэ тэмцээнд ооролцсон БНХАУ-аас бусад бүх баг Оросын техникээр өрсөлдсөн. БНХАУ-ын баг өөрсдийн бүтээсэн TYPE 96А танкаар хоёрдугаар байрт шалгарч муугүй техниктэй гэдгээ харуулжээ.
Энэхүү тэмцээнд оролцсон Монгол Улсын баг наймдугаар байрт орсон байна. Тэмцээнд 13 улсын баг оролцсоноос ОХУ, БНХАУ, Серб, Казахстан, Ангол, Венесуэль, Кувейт, Монгол, Никарагуа, Армен, Тажикистан, Энэтхэг, Киргизстан гэсэн дарааллаар байр эзэлжээ