08.18

Өршөөл үзүүлэхэд гарах зардлыг улсын төсвөөс гаргана

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус комиссын хуралдаанаар цагдан хорих төв, хорих анги, баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг хэлэлцэн баталсан байна. Ингээд энэ бүх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөлөл багтсан салбар комисс байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Комиссын хуралдаанд комиссын дарга УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч дарга Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүн оролцлоо. Хэдийгээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхийлөгч хориг тавихаа илэрхийлээд байгаа ч ийнхүү өршөөлд хамрагдах хүмүүсийг хэрхэн гэрт нь хүргэх зэрэг ажлыг зохион байгуулж эхлээд байна. УИХ-аас өршөөл үзүүлэх комиссыг арван хүний бүрэлдэхүүнтэй баталсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Су.Батболд болон Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар “Авлигачдад ял завших боломж бүрдүүлсэн хуулийн комисст орж ажиллахгүй” гэдээ илэрхийлээд байгаа билээ. Хэдийгээр ийнхүү хоёр ч гишүүн комиссын хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа ч ийнхүү анхны шийдвэрээ гаргалаа.