Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь энэ сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ийг өвчих явцдаа халдвар авч, мөн сарынхаа 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан.
Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй мэргэжилтнүүд голомтот хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлжээ.
Мөн энэхүү халдвар тээгч нь тарваган тахал өвчнөөр өвчилсөн болохыг лабраторийн шинжилгээгээр тогтоосон байна. Тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэнтэй холбоотой иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг Аймгийн Эрүүл мэндийн төвөөс иргэддээ анхаарууллаа.