08.18

Монгол дахь вьетнамчуудад хяналт тавих цаг нь болжээ

Монгол дахь вьетнамчуудын асуудлыг хөндөхгүй бол болохгүй болжээ. Угаасаа хөндөх ёстой олон асуудалтай тэд хэнийг гэмтээх гэж зэвсэглээд байна. Гаднын оронд буу, сэлэм битгий хэл хутга ч халаасалж явдаггүй байхад манайд вьетнамчууд буугаар буудаж, хутга, сэлэм хурцалсан шигээ сууна.

Вьетнамчуудын хувьд Монгол Улс жаргалын орон гэж тэд өөрсдөө хэлсэн удаатай. Эх орондоо 500 мянган төгрөг хүрэхгүй цалинтай байхад захын вьетнам 5 саяыг олоод түүнийгээ голж суух. Вьетнамдаа бол мөрөөдлийн цалинг Монголоос олж буй вьетнамчууд сардаа дунджаар 10 саяыг халаасалдаг гэж байгаа. 20 саяыг олдог нэгэн байхад 5 саяыг олдогийгоо “хамгийн бага олдог маань”, “ирээд удаагүй байгаа юм хөөрхий” гэх зэргээр элдэвлэнэ.

Монголд 10 мянга, түүнээс ч олон вьетнам байгаа ч албаныхан үүнээс бага тоо хэлж аргацаана. Энэ мэт олон вьетнам авто засвар, граш, хашаа хороо гэх мэт хаалттай хаалганы цаана ажиллаж, тэндээ амьдардаг учраас тийм ч олон харагддаггүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг хүний нүдэнд өртөлгүй явдаг тэд нар эрчүүдээс ихэнхдээ харцаа бууруулж, доошоо харж явдаг.

Гэсэн ч хэдий ойролцоо амьдардаг монгол охидуудаа бол нэлээд олонд танигдсан байдаг юм. Хэдхэн жилийн өмнө “Маахуур толгой”-д караоке паб ажиллуулж байсан танил маань “Пабдаа хэдэн хайрцаг Heineken пиво авахаас. Вьетнамууд асуугаад байна. Тэд нар чинь мань хэдийгээ бодвол үнэтэй юм хэрэглэдэг ш дээ” гэж билээ. Мөн “тэр хавиар вьетнамууд маш олон, бүгд монгол эхнэртэй. Хөөрхий нэг вьетнам эрээс жирэмсэн болсон, цөдгөр гэдэстэй/монгол/ эмэгтэй согтуу орж ирээд өдөржин суучих юм. Уйлаад, нэхээд байгаа хүнийг яалтай ч билээ” гэсэн юм.

Нээрээ ч вьетнам эмэгтэй гэж сонсоогүй бидний дунд амьдарч буй 10 мянган эрэгтэй вьетнамын жендерийн асуудлыг бодоод нэг үзээрэй. Монгол охидыг мөнгөөр даллаж, архидан согтуурч, эцэс сүүлд нь жирэмсэн болгоод хаясан тохиолдлууд маш олон бий.

Хааяа нэг монголчууд вьетнамуудыг дээрэлхэнгээ аядаж,  автомашинаа засуулсан хойноо төлбөр дээрээ унжиж, бүр “өгөхгүй төлөг минь” гэж хэлээд явсандаа “чадлаа” хэмээн бардамнадаг бол хариуд нь вьетнамууд  тэртээ тэргүй монголчууд нь доош нь хийж буулгадаг болохоор хэмээн үнээ өндөр хэлсээр байгаад машин засварын үнэ хөөрөгдөж, басхүү монгол эмэгтэйчүүдээр тоглож эрчүүдээс нь хариу авч байна. Таксинд нь суусан вьетнамыг дээрэлхэж илүү мөнгө авдаг монголчууд таксигаа эвдрэхээр нөгөө вьетнам дээрээ очоод гуйлгачилж, илүү авсан мөнгөө хэд дахин нугалж төлсөөр байна.

Харийн нутагт цагаач ажилчнаараа дуудуулж, хий гэсэн хар ажлыг хийж, ав гэсэн цалинг нь авдаг монголчууд байхад, эх оронд нь зочин ажилчин /guest workers/-аар нэрээр орж ирсэн вьетнамчууд өөрсдөө үнээ тогтоон ажиллаж байна. Ямартай ч, энэ мэт өөрсдийн хүслээр ажилладаг тэд завтай цагтаа буугаар буудаж, хутга, сэлэм хурцалсан шигээ суудаг бололтой. Олон хавар нэгэндээ гэдэг дээ, шалгаж, хураахгүй бол нэг л өдөр хүн шархдуулсан чимээ сонстох вий.

Э.Төгс