08.18

Х.Бат-Ялалт нар эсэргүүцэл зарлана

“Хүсэл зорилгоо нэгтгэе”, “Шударга шүүх” ТББ байгууллагаас хамтран Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ. “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын ярьснаар “Дээрх хуулийн хэрэгжилтийг эсэргүүцэж Чингисийн талбайд бид тайван замаар эсэргүүцэл зарлана.

УИХ-ын ээлжит бус чуулган зарлахаар жагсаалаа хийнэ. Гэхдээ суулт зарлах уу, жагсах уу гэдгээ хараахан шийдээгүй байна. Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцсэн. Тиймээс нууц хуулийн заалтуудаа ард иргэдэд нээлттэй болгож харуулах, мөн энэ хуулинд ямар хүмүүс хамрагдаж байгаа вэ, тэд улсад учруулсан хор хохирлоо барагдуулсан уу гэдгийг УИХ-аас шаардаж жагсана.

Үнэндээ дээрх хуулиудыг хэрэгжүүлнэ гэдэг гэмт хэрэг болоод байна. Тиймээс эсэргүүцнэ. Хэдийгээр хуулийн төсөл боловсруулж, батлаад байгаа гэх ч цаана цөөн хүний эрх ашигт нийцсэн хууль баталж байгаа нь дэндүү өрөөсгөл ойлголт. Монголын ард иргэдийг гэмт хэрэгт уриалсан шинжтэй харагдаад байгаа нь туйлын буруу юм. Энэ утгаараа бид энэ үйлдлийг маш ноцтой үйлдэл гэж бодож эсэргүүцэхээр мэдэгдэв” гэсэн юм.