Тайландын нийслэл Бангкок хотод өчигдөр дэлбэрэлт болж, 27 хүн амь үрэгдэн, 120 гаруй хүн шархадсан хэрэг гарлаа. Дэлбэрэлт жуулчдын ихээр явдаг газарт, Erawan Shrine хэмээх сүмийн ойролцоо болжээ. Одоогоор уг дэлбэрэлтийн зорилго тодорхойгүй, хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй байгаа аж.
Тайландын Батлан хамгаалахын сайд Правит Вонгсувон “Бангкокт болсон дэлбэрэлт аялал жуулчлалыг багасгаж эдийн засгийг хорлох зорилготой байснаас зайлахгүй” гээд буруутай этгээдүүдийг олж хариуцлага тооцох болно хэмээн мэдэгдсэн бол Ерөнхий сайд Прают Чан “Энэхүү дэлбэрэлт нь аллага хядлагатай тэмцэх шинэ дайны эхлэлийг тавьж өглөө” хэмээн үндэсний телевизээр хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.
Ослын газар үзлэг хийж байсан цагдаагийн ажилтнууд дэлбэрэлт болсон газрын ойролцоо өөр нэг тэсрэх бөмбөг байсныг олж илрүүлсэн байна. Энэ бөмбөг сүмд илүү ойрхон байсан гэж хотын Цагдаагийн дарга С.Помпанмуонг мэдэгдсэн байна. Тэрбээр “Бөмбөгийг хэн ч тавьсан бай, зорилго нь аймшигтай бөгөөд хэрцгий юм. Тавьсан байрлалыг нь харвал аль болох их хүн хөнөөх гэсэн нь илэрхий” хэмээжээ. Бөмбөг цагтай байсан бөгөөд Гринвичийн цагаар пүрэв гарагийн 00.00 цагт дэлбэрэхээр тохируулсан байсан аж. Бөмбөгийг аюулгүй болгохоор саперын албаныхан ажиллаж байгаа юм.
BBC News-ийн Бангкок дахь сурвалжлагч Жанатан Хэйд ослын газар очиж ажиллаад бичсэн “Бангкок: Халдлагын ард хэн байгаа вэ” гэсэн гарчиг бүхий сурвалжлагадаа “Бангкокчууд тэр чигтээ цочирдолд оржээ. Ослын газар харсан нүд хальтрам дүр зургийг бичих гээд үг эвлэхгүй нь. Ойр орчимд явж байсан тайландчууд нийслэл хотод нь ийм харгис халдлага урьд хожид гарч байгаагүй хэмээн ярьцгааж байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ халдлагын ард чухам хэн байна вэ. Иргэдийн ярьж байгаагаар бол энэ нь салан тусгаарлагчдын хийсэн үйлдэл байж болзошгүй гэнэ. “Нутгийн өмнөд хэсэгт тусгаар тогтнохыг номлодог лалын шашинт хэсэг бүлэг бий.
Гэхдээ тэд урьд өмнө нь хүсэл зорилгоо ийм аргаар илэрхийлж байгаагүй” хэмээн тэд ярьж байна. Хэрвээ тэд энэ халдлагыг үйлдсэн бол арга барилаа бүрмөсөн өөрчилж байгаа хэрэг болох ажээ. Иргэдийн зарим нь болсон явдлыг улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах гэж оролдож байв. Гэвч ялагдсан тал халдлага хийсэн байлаа гэхэд энэ нь тэдэнд мууг авчрахаас ашиг болохгүй гэх хүмүүс илүү олон байна. Ерөнхийдөө хадлагыг хэн үйлдсэн байж болох вэ гэдэг дээр магаллал өндөртэй нэр дэвшигч алга. Тиймээс хуулийн байгууллага хэрхэн ажиллахыг хүлээх л үлдэж байх шиг байна” хэмээн бичжээ. Жонатан бол ослын газар хамгийн түрүүнд очиж ажилласан сэтгүүлч нарын нэг юм.
Тэрбээр харсан аймшигт зүйлсээ үгээр илэрхийлж төвдөөгүй бол Шинэ Зеландаас ирсэн Марко Канингхэм хэргийн газрыг “Яг л махны зах шиг байсан” хэмээн зурагласан байна. Бангкок хот урт удаан жилийнхээ түүхэнд цуст халдлагуудыг цөөнгүй үзэж өнгөрүүлсэн. Гэвч өнгөрсөн жилийн тавдугаар сард цэргийн эрхтнүүд төрийн эрх мэдлийг гартаа авснаас хойш халдлага дайралт нэг ч удаа болоогүй учир иргэдийн сэтгэл санаа ч мөн тайвшраад байсан юм. Харин энэ халдлага иргэдэд “Бүх зүйл бүрмөсөн дуусаагүй юм байна” гэсэн ойлголт өгч, айдаст автуулжээ.
Хохирогчдын дунд гадаадын иггэд байна
Бөмбөг гадны жуулчид ихтэй газар дэлбэрсэн гэж дээр өгүүлсэн. Тэр хавьд брэнд бараа худалдаалдаг төвлөрсөн дэлгүүрүүд олноор байрладаг байсан аж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, амиа алдсан иргэдийн тоо 21 болж буурсан, тэдний 10 нь тайланд үндэстэн болохыг тогтоогоод байгаа юм байна. мөн БНХАУ-ын хоёр, Филиппиний нэг иргэн байсныг тогтоожээ. 123 хүн гэмтэж, шархадсан байна.
Х.БАТСАЙХАН