08.20

Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэв

УБТЗ нэгтгэлийн даргын тушаалаар энэ сарын 13-нд Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэхээр болсон учраас тус сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэж мэдэгдэл хийлээ.

Уг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2007 онд байгуулагдаж Тээврийн дээд сургуулийн дотуур байрны долоон өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг эхэлсэн аж. Гэтэл УБТЗ нэгтгэлийн дарга Тээврийн дээд сургуулийн есөн мэргэжлийн болон техникийн сургалтын үйл ажиллагааг тус төв рүү шилжүүлэхээр болсон нь дээд боловсролын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн багш, оюутнууд үзэж байгаа аж. Тухайлбал, Төрийн өмчит их дээд сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх болон татан буулгах асуудлыг засгийн газраас шийдвэрлэж хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. Өөрөөр хэлбэл ЗТЯ, Хөдөлмөрийн яам болон Боловсролын яамны зөвшөөрөл болон тушаал шийдвэр гараагүй байхад байгууллагын дарга бие даан сургуулийн бүтцийг өөрчлөх нь хууль зөрчсөн явдал хэмээн буруутгаж байна.

Улмаар Тээврийн дээд сургуулийн есөн мэргэжлийн болон техникийн ангид элсэхээр бүртгүүлсэн 400 оюутныг энэ хичээлийн жилээс автоматаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв рүү шилжүүлж, дунд боловсролын статустай Политехник болгон өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр Тээврийн дээд сургуулийг сонгосон оюутнуудын эрх зөрчигдөж, сургуулийн бүтэц доголдолд ороход хүрээд байгааг багш нар онцоллоо.

Тээврийн дээд сургуулийн багш, доктор М.Бямбасүрэн “Манай сургууль 56 багштай, хоёр хичээлийн байртай. Харин МСҮТ нь 18 багштайгаар манай сургуулийн дотуур байранд хичээлээ  явуулдаг. Тэд боловсон хүчний нөөц бололцоо дутмаг, сургалтын орчин нөхцөл тааруу байж манай сургуулийн тусгай зөвшөөрлийг дур мэдэн шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь байж боломжгүй явдал гэж үзэж байна. Манай сургууль 60 жилийн турш шаталсан сургалттай техникч, ажилчин болон дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх цогц сургалттай болохыг хичээж ажиллаж ирсэн. Гэтэл энэ цогт сургалтын үйл ажиллагааг хувааж бутаргах нь бидний зорилго, чиглэл болон сургалтын төлөвлөгөөг нурааж байна” хэмээв.

Тэд УБТЗ нэгтгэлийн дарга Л.Пүрэвбаатартай уулзахаар хүсэлт тавьсан ч гадаад руу явсан хэмээн албаны хүмүүс мэдэгдэж одоог хүртэл сураггүй байгаа аж. Тиймээс УБТЗ нэгтгэлийн даргыг шийдвэрээ өөрчлөхөөс нааш эсэргүүцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.