“Манлайбаатар” ТББ-ын хэсэг залуус өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний хувьд хорихоос суллагдсан ялтнууд бөгөөд сая суллагдсан Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн юм.
Төрийн бус байгууллагын тэргүүн М.Батлхагвын ярьж буйгаар “Өнөөдөр хорих ангид 7000 гаруй ялтан ял эдэлж байна. Уг хууль батлагдлаа. Үнэндээ энэ хууль борчуудын хүүхдэд хүртээлтэй юу гэдэг нь анхаарал татаж байна. Яагаад гэвэл хэдхэн хүний, цаашлаад улс орноо худалдаж хуйвалдаж идсэн авлигачин нөхдүүдэд зориулсан хууль гаргасан юм. Өнөөдөр 25 жилийн ялтай хүний ялаас 2 жил яагаад хасч болдоггүй юм бэ. Тэд ч гэсэн хүн, ардаа амьдралтай, аав, ээжтэй хүмүүс. Тэд нь баярлана ш дээ. Төр өршөөж байгаа бол бүгдийг нь өршөөх хэрэгтэй. Анх хэрэг хийсэн нөхдүүдийг суллана гээд байх юм. Тэд юугаа ч мэдэлгүй гарч ирээд дахиад эргээд хулгай хийгээд орно шүү дээ. Хамгийн муухай нь авлигачдыг өршөөнө гэдэг байж боломгүй. Монгол Улсад 150 тэрбумын хохирол учруулсан хулгайч өнөөдөр суллагдана гэж бодохоор уур хүрээд байна. Төрийн хайр энэрэлд багтдаггүй, тийм ялтнуудыг өршөөгөөч гэж хүсмээр байна. Ерөнхийлөгч шоронжсон оронг хална гэсэн хаана байна. Тийшээгээ жижиг алдаанаасаа болж алдсан хүмүүс жингийн цуваа шиг хөвөрч байгаа нь харамсалтай байна” гэв.
Эдгээр залуусын хувьд гар утас хулгайлаад 110 мянган төгрөгийн хохирол учруулсаныхаа төлөө 11 жилийн хорих ял авч онцгой дэглэмтэй хорих ангид онц аюултай гэмт хэрэгтэн гэж ял эдэлсэн хоёр ч хүн байна. Тэднийг Н.Сүхбат, Ш.Эрдэнэбилэг гэдэг. Яг ялаа эдлээд гарсан. Эдэлсэн дэглэм нь онцгой дэглэмд байсан болохоор тэд гомдолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн 14 настайгаасаа олон хорих анги дамжсан Ж.Идэрчулуун гэж залуугийн ярьж буйгаар “Янз бүрийн хэргээр 17 жилийн хорих ял эдэлж, хоёр жилийн өмнө суллагдлаа. Одоо алдахгүй эндэхгүйг хичээж гишгэсэн мөрөө харж явна. Гэхдээ ажил төрөл хийж, амьдрал ахуйтай болъё гэхээр ажилд авдаггүй юм билээ. Анкет бөглөхөөр ял эдэлсэн нь гарч ирээд төвөгтэй. Миний хувьд хулгай, танхай, дээрмийн хэргээр ял эдэлсэн хүн” гэв.
Тэдний гол зорилго нь өршөөл үзүүлж байгаа бол бүгдийг уучил, үгүй бол өршөөлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийг хамруулахыг хүссэн юм.
Тус төрийн бус байгууллага нь хоёр жилийн өмнө байгууллагдсан бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд одооноос эхлэн жигдэрч байгаа бөгөөд цаашид улс эх орныхоо төлөө болон газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.