03.12

Д.Цогтбаатар нарын хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ сарын 13-нд болно

Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ сарын 13-нд товлогдсон байна.  Дээхнэ түүнийг улсын нууц задруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон байдаг. Араас нь, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр шалгаж байгаад чимээгүй болсон. Харин сүүлд найруулагч Г.Бадамрагчаа нарт эрүү шүүлт тулгасан хэргээр шалгасан гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа гарсан юм. Ингэж явсаар энэ бүхэн хурандаа Д.Цогтбаатарыг таван жилийн ялтай хэрэгт шийтгэснээр чимээгүй болсон билээ. Тэгвэл хурандаа Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд ханджээ. Хяналтын шатны шүүх Д.Цогтбаатар болон мөрдөн байцаагч, төлөөлөгч, хянагч нарын гомдлыг ийнхүү 13-нд хэлэлцэхээр болсон байна.

П.ТУУЛ