08.20

Оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг журамлана

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт болон авто тээврийн хэрэгслийн албан татварын хураамжийн төлөлт, хариуцлагын талаар өнөөдөр Авто Тээврийн үндэсний төв /АТҮТ/ болон Замын цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар хураамжаа төлөөгүй болон автомашины үзлэг, оношилгоондоо ороогүй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан. Шинэ хууль  ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Улсын хэмжээнд энэ сарын 19-ний өдрийн байдлаар 351 474 тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоондоо хамрагдсан гэх дүн гарчээ. Улаанбаатар хотод 164 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. АТҮТ-ийн тооцооллоор 2015 онд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах ёстой аж.

Есдүгээр сарын 1-нд багтаж үзлэгтээ хамрагдахыг албаныхан уриалж байна. Хэрэв Замын хөдөлгөөний хариуцлагын тухай хууль хэрэгжээд эхэлвэл үзлэг, оношлогоондоо хамрагдаагүй иргэнийг 96 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 192 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг нь журамлах гэнэ.

Одоогоор  үзлэг оношилгоонд хамрагдах ёстой нийт тээврийн хэрэгслийн 35 орчим хувь оношилгоондоо хамрагдаагүй байна. Тиймээс бүртгэл, хяналт, техникийн хяналтын үзлэгийн төвүүд уртасгасан цагийн хуваариар ажиллах аж. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын "Хөсөг", “Да Хүрээ", “Таван ган” салбарууд амралтын өдрүүдэд уртасгасан цагийн хуваариар ажиллана. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналт, үзлэгийн төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:30, амралтын өдрүүдэд 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж байгаа гэнэ.