08.31

Ц.Элбэгдорж: Би Монголд нэг ч хүнийг цаазаар авахгүйн төлөө ажилласан 1 цаг 22 минутын өмнө

Төрийн тэргүүн өнгөрөгч долоо хоногийг туйлын завгүй өнгөрүүлээ. Тэрбээр, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмоны урилгаар Монгол Улсад айлчилж буй Катар улсын батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияг хүлээн авч уулзлаа. Мөн Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ төвшинд хүргэх талаар ярилцсан юм. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзсан гээд албан айлчлал ихтэй байлаа. 

Төрийн тэргүүний дараагийн оролцсон үйл явдал бол  Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал юм. Хоёр жил тутмын Бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд болсон билээ. Бага хурал “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд өнгөрөгч баасан гарагт хаалтаа хийсэн юм. Уг олон улсын бага хуралд Ерөнхийлөгч оролцож хүний эрхийн талаар Монгол Улсын баримталж буй бодлого, эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харилцааг үргэлж эсэргүүцэгч орон байна гэдгээ онцлон хэлсэн юм. Түүний бага хурлыг нээж хэлсэн үгийг тоймлон хүргэе. 

Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай нэг яруу найрагч “Энэ хорвоогийн хамгийн сайхан мэргэжил бол багш” гэж хэлсэн байдаг. Би хувьдаа хүний эрхийн төлөө ажиллах нь энэ хорвоогийн хамгийн нэр хүндтэй, хамгийн хариуцлагатай ажил гэж үздэг. Ажил ажлын дундаас хүний эрхийг хамгаалах ажил хамгийн чухал, бас хэцүү ажил. Та бүхэн ажлаа явуулахдаа, өөрсдийгөө  хамгаалуулж, хуяглуулсан төрийн байгууллагатай, төртэй, албан тушаалтнуудтай олонтаа тулгарч байгаа байх. Бусдын эрхийг хамгаалахын төлөө ажиллахдаа хүний эрхийг зөрчдөг, зөрчих өндөр магадлалтай байгууллагуудтай нүүр тулдаг. Хүчний байгууллагынхан болон цагдаа нартай, шүүгчидтэй,  хорих байгууллагынхантай нүүр тулдаг. Тэгээд зарим тохиолдолд хүний төлөө явсныхаа төлөө өөрсдөө хоригддог, эрхээ хасуулдаг, дарамт шахалтад ордог. 

Монгол Улс энэ бүс нутгийн өвөрмөц орон. Магадгүй хүний эрхийн төлөө үгээ хэлж яваад дарамт шахалтад орсон хүн энэ танхимд байгаа байх. Магадгүй ярихаас болгоомжилдог, айж эмээдэг сэдэв ч байж мэдэх юм. Харин манай улсад та бүхэн чөлөөтэй үгээ хэлж болно. Тулгамдаж буй асуудлаа Монголд чөлөөтэй ярь. Та бүхнийг ярьсны төлөө Монголд хэн ч асуудал үүсгэхгүй.  Хүний эрхийн төлөө зүтгэх ажлаа чөлөөтэй, зоригтой хийгээрэй гэж хэлье. Миний бие Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Монголд цаазаар авах ялыг зогсоох, энэ ялд мораториум тавих санаачилгыг гаргасан.