08.31

Д.Цогт-Очир: Үүл гацсанаас гангийн байдал үүссэн


Дулаан, хүйтэн өвөл болно гэж урьдчилж хэлэхэд хэцүү байна гэв-

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Сүүлийн үед тус байгууллагыг цаг агаарын мэдээ буруу өгснөөс болж ган болохыг тариаланчид мэдээгүй, мөн үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг их хийснээс болж хожуу бороо орж малчин тариаланчдад уршиг дагуулж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

-Долдугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байхад ургац алдсан шалтгаан цаг агаарын мэдээг буруу өгснөөс болсон гэж тариаланчид ярьж байсан. Чухам яагаад зөрүүтэй мэдээлэл өгч, тариаланчидтай үл ойлголцох болов? 

-“Хүн төрөлхтөн цаг агаарынхаа асуудлыг шийдэж чадах юм бол бурхнаас гуйх өөр зүйл байхгүй” гэж нэрт эрдэмтэн Н.И.Вавилов гэж хүн хэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл тэдэн сарын тэр өдөр тийм гамшигт үзэгдэл болох нь ээ гэдгийг мэдэж чаддаг бол гайхамшиг гэж хэлэх байх. 

Харамсалтай нь дэлхий нийтээрээ тийм дэвшил рүү хүрч чадаагүй байна. Цаг агаарын мэдээг төлөв, урьдчилсан мэдээ гэсэн хоёр янзаар гаргаж байгаа. Иргэд төлөв, урьдчилсан мэдээ хоёрыг хольж ойлгоод байдаг. Нэг сар буюу түүнээс богино хугацаанд гаргасан цаг агаарын мэдээг “урьдчилсан мэдээ” гэж нэрлээд байгаа юм. Харин нэг сар буюу түүнээс урт хугацааны мэдээг “төлөв” гэж нэрлэдэг. Цаг агаарын агаар мандлын температур, салхи, чийгийг өдөр болгон судладаг. Цаг уурын бөмбөлөг өдөр болгон хөөргөж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа 315 салбар нэгжээс хөрсний дулаан, агаарын дулаан, чийг, агаарын даралтын мэдээг авч боловсруулж хөрш зэргэлдээ Новосибирск, Бээжингийн төвүүдэд дамжуулж хоорондоо мэдээлэл солилцдог. 

Ойрын хоногууд буюу урьдчилсан мэдээг манай цаг уурчид 90-ээс дээш хувьтай хэлж чадаж байгаа. Цаад тал нь 10 хоногийн доторх мэдээлэл зөрөхгүй. Харин төлвийн /урт хугацааны/ мэдээлэл бол дэлхий нийтийн яг таг хэлж чадахгүй байгаа зүйл. Тооцож гаргадаг аргачлал нь өөр. Олон жилийн дундаж цуваа, утгуудаа хардаг. Жилийнхээ өнгийг харж байгаад статистик загварыг ашиглаж урт хугацааны төлвийн прогноз хийдэг. Нэг нь байгаа үзэгдэл дээр, нөгөөх нь ерөнхий төлөв л гарна гэсэн үг юм. Төлвийн магадлал 50-60 хувьтай л байдаг.