09.01

Ирэх аравдугаар сарын нэгэнд нийслэлийн замын ажил дуусна

Тамгын газар, холбогдох мэргэжлийн байгууллагууд зам барилгын бүтээн байгуулалтын ажилтай жил бүрийн есдүгээр сарын 1-нээс өмнө танилцдаг уламжлалтай. Үүний дагуу Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт хийж байгаа гол замын ажлуудтай нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл, Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар танилцлаа. Зуслангийн чиглэлд автозам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Уг автозамын ажил 75 хувьтай явж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын нэгэн буюу гэрээний хугацаандаа багтаж ашиглалтад орох гэнэ. Энэ чиглэлийн бүтээн байгуулалт Дамбадаржаагийн уулзвараас эхэлж Хандгайтын уулзвар дуустал нийт 16,3 км үргэлжлэх бөгөөд дундаа 60 м урт гүүртэй. Гурван гүйцэтгэгч компани автозам дээр ажиллаж байгаа юм байна. Харин гүүр, гэрэлтүүлгийг хариуцсан компани нь өөр. Нийтдээ 75 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэлэв. Дамбадаржаагийн цагдаагийн постоос Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5 км автозамыг “Тэгш Плант”, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл хариуцан авч ажиллаж байв. Зургадугаар сарын дундуур гэрээ байгуулж хоёр сарын дотор 12 метр зорчих хэсгийн өргөнтэй, дугуй, явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий замыг хийж байгаа аж. “Тэгш Плант” компанийн инженер А.Анхбаяр “2,5 км замыг бариад зорчих хэсгийг нээсэн. Үлдсэн хэсгийн суурийг дэвсээд, хашлагыг нь хийж байна. Энэ долоо хоногийн сүүлээр зорчих хэсгийг бүрэн нээнэ. Ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл дугуйн зам, явган замаа хийж дуусгана. Тэмдэг тэмдэглэгээний ажлууд арваннэгдүгээр сард дуусна. Үүний дараа улсын комисст хүлээлгэж өгнө” гэв. Дараагийн хэсэг нь Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4,6 км авто зам. Энэ хэсэгт “Төгс зам компани ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар суурь хучилтын ажлыг хийж байгаа бөгөөд ирэх сарын дундуур нээх аж. “Замынхаа нэг талаар нь гурван км хучсан. Нөгөө талруугаа шилжиж байна. Газар шорооны ажил дууссан. Аравдугаар сарын 1-нд 100 хувь дуусгаад хүлээлгэж өгнө” гэж “Төгс зам” ХХК- ний захирал Д.Төгсбаяр хэлсэн юм. Цаашлаад Шаргаморьтод 60 метр урт төмөр бетон гүүрийн барилгын ажил хийж байв. Хуучин гүүрийг нурааж шинээр 30 метрийн өргөнтэй хос гүүр барьж байгаа юм. Нийт зургаан урсгалтай. Явган болон дугуйн замтай аж. Зураг төслийг Энэтхэг, Монголын инженерүүд хамтран хийжээ. Хийц нь суурийнхаа хэлбэрээс эхлээд өвөрмөц загвартай аж. Гүүрийн дам нурууны ажил хоёр хоногийн өмнөөс эхэлжээ. 2,2 тэрбум төгрөгийн өртгөөр бүтэж байгаа энэхүү гүүрийг барихад 60 орчим хүн ажиллаж байгаа юм байна. “Гүүр ирэх аравдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад орно гэж “Мотор Сервис” ХХК захирал Д.Доржбат хэлэв. Шаргаморьтын уулзвараас 2,7 км замын суурь хучилтын ажил дуусчээ. Үүний хоёр км замын өнгөн хучилтыг хийж, явган замын ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү 16,3 км замын хөрөнгө нийслэлийн төсвөөс гарч буй. Нийтдээ 11.8 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Гүйцэтгэгч таван компанид төлбөрийн 30 хувийн урьдчилгаа болгож долоон тэрбумыг хувааж өгсөн аж. Үлдсэн 70 хувийг ирэх онд олгох гэнэ. “Зуслангийн зам аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн хэмжээгээр хөдөлгөөнд орно. Ирэх жил олгох 70 хувийн хөрөнгө оруулалтаар зарим хэсэг дээр нь өнгө хучилтын ажил хийнэ” гэж Авто замын газрын дарга Д.Нанзаддорж танилцуулсан. Харин Гачууртын 11 км зам ашиглалтад оржээ. Одоогоор гэрэлтүүлэг, явган замын ажил хараахан дуусаагүй байгаа юм байна. Нийслэлийн хувьд энэ жил нийт 14 байршилд замын ажил хийж байгаа аж. Бүгд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар явж байгаагаас хоёр нь зогсчээ. Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гэр хороолол хүртэлх 4,4 км замыг шинээр барихад газар чөлөөлөлт их байснаас болж зогсчээ. Учир нь санхүүжилтийг нь нийслэл шийдэж чадаагүй аж. Нөгөөх нь долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,6 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил байсан. Сонгон шалгаруулалт дуусч, ажил эхэлсний дараа тендерт оролцсон компаниуд дунд маргаан үүссэнээс болж зогсчээ. Хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээж байгааг хобогдох албаны хүн хэлэв. Нийслэлийн авто замын газрын даргын хэлснээр нийт 12 байршлын гүйцэтгэл 75 хувьтай явж байгаа аж. Үлдсэн хэсэг нь хугацаанаа өмнө дуусах гэнэ. Учир нь нийслэлийн авто замын газрын 10 жилийн ой энэ оны аравдугаар сарын дундуур болох аж. Үүнээс өмнө замын ажил дууссан байх ёстойг тэрбээр хэлсэн юм. Энэ жил зам засварын ажилд 91 тэрбум төгрөгийг улсаас гаргажээ. Толгойтын 3,6 км замыг ирэх онд нэн тэргүүнд сайжруулах нь зүйтэй гэж албаныхан үзэж байна. Мөн засаж янзлах шаардлагатай хэд хэдэн зам байгааг ч хэлсэн юм.

 

-