09.01

Төрийн өндөрлөг, сайдууд хичээлийн шинэ жилийн нээлтэд хаана оролцох вэ

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр болох есдүгээр сарын 1-нд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын үндэсний олон нийтийн телевиз болон радиогоор теле хичээл заадаг уламжлалтай.

Тэгвэл өнөө жил Ерөнхийлөгч МҮОНТ-ээр 10.00 цагаас “Санаа зөв бол заяа зөв” /Бодол/ сэдвээр теле хичээл заах юм байна.

Өнгөрсөн жилүүдэд төрийн тэргүүн “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн”, “Дэлхийн дулаарал ба Монгол”, “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, хүүхдүүдэд эх орон, эцэг эх, байгаль дэлхийгээ хайрлах, өв соёл, үнэт түүхээ дээдлэхийг сургамжилж байсан билээ. Жил бүрийнесдүгээр сарын 1-нд БСШУ-ы сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог уламжлалтай. 

Тэр уламжлал ёсоор Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн нээлт болон шинэ оюутнуудын тангараг өргөх ёслолд оролцох юм байна. Харин УИХ-ын дарга АНУ-д албан томилолттой байгаа учраас энэ удаад хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй аж.
 
Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр 10:00 цагт болно. Уг үйл ажиллагаанд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагууд оролцохоор болжээ.

Үргэлжлүүлэн БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр 08.00 цагаас 31 дүгээр сургуулийн нээлтэд оролцоно. Түүнчлэн, 10.00  цагаас МУБИС, 13 цагаас ШУТИС, 14 цагаас АШУҮИС-ИУДЫН нээлтэд тус тус оролцох юм байна. Түүнчлэн энэ өдөр МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд “Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа 16.00 цагт МУБИС-ийн хичээлийн А байрны 312 тоот танхимд болох аж.