09.01

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна -

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд /2015.08.31/ өнөөдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов.

Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын  хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.

 

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури үг хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV  бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, Дэлхийн олон орны парламентын спикерүүд хуран цугласан энэхүү бага хуралд үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг мөн.

 

 

Та бүхэн энх тайвны төлөө, ардчиллын төлөө, тогтвортой хөгжлийн гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг парламентын түвшинд хэлэлцэж байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн өмнө цаг агаарын өөрчлөлтийн асуудал, ядуурал, зарим бүс нутгийн тайван бус байдал, ядуурлыг дагасан боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн асуудлууд хурцаар тавигдаж байна. Эдгээр асуудалд анхаарч, дэлхий нийтэд энх тайван, тогтвортой хөгжлийг урт хугацаанд цогцлуулахад  парламентын дарга нар өөр өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн юм.

 

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Сэм К.Кутеса болон ЮНЕСКО-ийн энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Форест Вайтекер төлөөлөгчдөд хандан үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.Энд дарж илтгэлийг сонсоно уу

 

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтийн /10.00-10.45 цаг/ дараа  Бүгд хуралдаан-1 боллоо. Энэ үеэр “Парламентын спикерүүдийн дэлхийн III хурлын зөвлөмжийн хэрэгжилт” болон Уганда Улсын парламентын спикер Ребека Кадага “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай” илтгэл тавилаа. Мөн ХБНГУ-ын Бундестагийн спикер Н.Ламмерт, БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян нар илтгэл тавив.

 

 

Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм. 

 

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Бүгд хуралдаан-2 "Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо", "Өнөөгийн парламентын өмнө тулгарч буй сорилтууд" сэдвээр 15.00-18.30 цаг хүртэл үргэлжилсэн юм. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хөтөлбөрийн дагуу 2015.09.01-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд илтгэл тавина. Харин “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцоно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.