2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдөж байсан Н.Удвал сүүлийн үед огцорсон яамандаа эргэж очих хор найруулж эхэлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсоноос хойш МАХН-аас тохоон томилогдож нэг хэсэг Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашсан билээ.
Энэ хугацаандаа нэр бүхий сонин, сайтад төлж барагдуулаагүй өр төлбөрөө төлөхийн тулд ЭМЯ-ны төсөв рүү хуруу хумсаа дүрж, тодорхой хэмжээний мөнгийг жилийн гэрээ байгуулан сурталчилгааны төлбөр хэмээн шилжүүлж байжээ.
Гэвч үүний цаана өөрийнх нь төлөө зүтгэж байсан зарим нэг сонин хэвлэлийн мөнгийг шилжүүлээгүй бөгөөд улмаар утсаа авахаа больж, “гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзаж байна, эгч нь эргээд ярья” гэх зэргээр худал молиго үмхүүлж, “Залилангийн хатан хаан” Цолмонгийн нэгэн адил загнасаар өдийг хүрчээ.
Архангай нутгийнхан нь аанай л энэ зангийг нь мэддэг ч юм уу, бүү мэд ямартай ч түүнийг өөрсдийгөө төлөөлсөн УИХ-ын гишүүн болгоогүй юмдаг. Гэвч тэрбээр дээгүүр сээхэлзэж, МАХН-аас жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэхийг битүүхэн мөрөөдөх болжээ.
Тус намын Хэвлэлийн албаны дарга Ч.Чимэдцэрэн нэгэн үе Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежерийг хийж байсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хийсэн гэрээгээ зөрчиж, өөрөөсөө бүхнийг зайлуулж, улмаар нэр дэвшигч Н.Удвалтай өөртэй нь ярьсан нь дээр гэж загнаж байсан ажээ. Тэрбээр Алтанбулаг дахь Чөлөөт худалдааны бүсийн захирлаар тохоон томилогдсон ч ажлаа олигтой хийж чадахгүйгээс болж халагдсанаас гадна замын цагдаатай ам мурийж, дарга цэргээ гайхуулж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудлаа зохицуулах гэсэн боловч бүтэлгүйтэхэд хүрснийг нь цахим ертөнцөөр нэг дэлгэсэн билээ.
Ийнхүү хөлдөө хөгөө чирсэн хэдэн гишүүнтэй МАХН ирэх сонгуульд ядаж 11 суудал авна хэмээн мөрөөдөж байгаа нь цаанаа л өрөвдөлтэй санагдана. Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн сайд байж үзсэн Н.Удвалын хувьд суудал доошилсон ч хамаагүй Эрүүл мэндийн дэд сайд болохыг санаархаж байгаа нь инээдтэй санагдана. Хэрэвзээ түүнийг дэд сайдаар томилвол өмнө нь байсан шигээ сонин хэвлэлтэй гэрээ хийж, өр зээлээ барагдуулах чадвар дутах биз ээ. Хамгийн гол нь Н.Удвалын хувьд салбарынхаа яаманд очиж л байвал бусад нь хамаагүй бололтой.