Монгол Улсын эдийн засаг агшиж байна гэдгийг эдийн засагчид бүгд хүлээн зөвшөөрч эхэллээ. Хэдийгээр үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээл зэрэг эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхгүйн төлөө хийж байгаа ажил олон байгаа ч Гадаадын хөрөнгө оруулалт буурч, 1.2 миллярд нүүрс экспортод гаргаж байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд 200 сая тонн хүрэхтэй үгүйтэй нүүрс гадагшаа экспортолж байгаа юм. Төсвийн алдагдал ч төлөвлөсөн хэмжээнээс хэтэрчихээд байгаа.
Хоёр толгойг хөдөлгөж байж мөнгө олж ирнэ хэмээсэн Засгийн газрын гол тээг садаа нь улстөрчид өөрсдөө болсон. Нэг үгээр хэлбэл, Монголын улстөрчид өөрөө өөрсдийнхөө гараар эдийн засгаа багалзуурдаж байна гэхэд хэтийдэхгүй. Эдгээр бүх бараан мэдээлэл дунд ганц гялтайх мэдээлэл байгаа нь инфляци 6.9 хувьд хүрч, долоон хувьд хүргэх Төв банкны бодлого биелэлээ олсон явдал. Тэглээ гээд бид тайвшрах цаг биш. Ирэх аравдугаар сард УИХ-аар 2016 оны төсөв, 2015 оны төсвийн тодотголыг ярих учиртай. Боловсруулах ажил ч Сангийн яам дээр хийгдээд эхэлчихэж. Хаа хаанаа бүсээ чангалах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн энэ үед Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж гаргасан бөгөөд энэ хуулийн нөлөөгөөр далд байгаа, татвараас нуусан, хил дамжуулан нуучихсан хөрөнгө ил болно хэмээн үзэж байгаа юм.
Гэхдээ энэ хууль ямар байдлаар хэрэгжиж, хэдэн тэрбум төгрөг ил болох вэ гэдгийг өнөөдөр хэлэхэд эрт байгаа. Тиймдээ ч эдийн засагчид хуулийн үр дүн хэрхэн гарах вэ гэдэгт хариулт өгч чадахгүй байгаа билээ. Тэгвэл өчигдөр болсон “Сайдын цаг” уулзалтад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож дээрх сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй яриа өрнүүллээ. Тэрбээр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталж байна.
Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлсэн. Энэ хуульд 8000 гаруй компани хамрагдаж, татварын суурь 4.5 их наядаар нэмэгдсэн” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Хуулийн дагуу бол 2015 оны нэгдүгээр улиралын тайлангаар хязгаарлах аж. Тэгэхээр энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор хувь хүн, хуулийн этгээд компанийнхаа болон орлогын мэдүүлгээ гаргах юм байна. Ингэхдээ тухайн компанийн нэр дээр өмнө нь бүртгэгдээгүй байсан хөрөнгүүдээ оруулахаар тусгажээ. Хамгийн гол зорилт нь иргэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх ёстой бөгөөд ингэвэл Эрүүгийн болон Захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм байна.
Мөн тайлан гаргасан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална. Энэ хуулийн талаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор 1800-тэй тусгай дугаарууд ажиллуулахаар төлөвлөжээ. Уг дугаар дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй мэргэжилтэн ажиллана. Хуульд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг цахим болон цаасан бүртгэлээр хүлээж авах юм байна. Бүртгэлийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны 24 цаг хүртэл цахимаар авах аж. Харин цаасан бүртгэлийг 31-ний 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл авах аж. Мөн Эдийн засгийн ил тод байдал гэсэн тэмдэглэгээтэй шинэ эхлэлтийн бланс үүсээд явахаар зохицуулжээ. Татварын Ерөнхий газар үүн дээр тусад нь сервер гаргаад бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр заасан гэв. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
С.Баярцогт: Төсвийн орлого 580 тэрбумаар тасарсан
-Улсын төсвийн алдагдал хэр байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Төсвийн байдал нэлээд хүндрэлтэй байгаа. Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. Энэ бол бодит эдийн засгийн нөхцөл байдлаас ургаж гарч байгаа. Татварын төлөвлөгөө, биелэлт төлөвлөсний дагуу явж байгаа. Хамгийн гол орлого оруулдаг татвар, гааль хоёр байдаг. Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импорт эрс буурсантай холбоотой байгаа.
Худалдааны баланс эерэг гарсан. Энэ бол экспорт нь импортоосоо давчихсан гэсэн үг. Энэ бол улс орнуудад сайн үзүүлэлт боловч манай эдийн засгийн хувьд энэ өөрөө эдийн засаг бүхэлдээ агшиж байна гэсэн үг. Яагаад гэвэл манай гол эдийн засаг импорт дээрээ суурилчихсан байдаг учраас эдийн засгийн хувьд агшилт явагдаж байна. Дээрээс нь дэлхий нийтийн хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа. Мөн гол гол нэр төрлийн түүхий эд бидний тооцож байснаас доогуур болж унаж байгаа. Одоо хамгийн эерэг мэдээлэлтэй байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнэ байгаа. Нефтийн үнэ буурах манайд ашигтай байдаг. Үүнтэй зэрэгцээд бусад орлогын эх үүсвэр болдог зэс, нүүрс, төмрийн үнэ унасан байгаа.
Орлогын тасалдлын бас нэг үүсвэр бий. Бид өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Тэгээд өмч хувьчлалын үзэл баримтлал УИХ-аар баталсаны дараагаар дээрх орлого бараг 70 гаруй хувиар буурахаар боллоо. Энэ хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал нилээн өндөр хувьтай гарах гээд байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
-Эдийн засгийн Өршөөлийн хууль батлагдсанаар татварын өртэй компаниуд өршөөгдөх юм байна. Их хэмжээний татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэж ойлгож болох уу?
-Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа. Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлж байгаа. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг бол биш. Графикийнхаа дагуу татвараа төлөх бололцоогүй байгаа компаниудын жагсаалт. Компани үйл ажиллагаагаа явуулаад татвараа төлөх ёстой. Харин төлж чадахгүй байгаа учраас татварын өрүүд үүсдэг. Бидний зүгээс татварын төлөлтийг бодитой болгох үүднээс ямар арга хэмжээ авах талаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар судалгаа хийж байна. 2007 оны татварын Өршөөлийн хуулиар тодорхой хувийг төлөөд бусдыг нь хөнгөлж байсан.
-Засгийн газрын зүгээс сайд нарынхаа нэрсийг өргөн барих уу?
-Засгийн газрын хуулиар сайд нарын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын зүгээс намуудын хэлэлцээрийн үндсэн дээр сайд нарын нэрийг өргөн барихаар ажиллаж байна.Бүх асуудал намуудын хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ. Засгийн газрын хууль 1993 онд батлагдсан. Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бол урт хугацаагаар үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан түүхүүд өмнө нь бий. 1998 оны Ц.Элбэгдоржийн ЗГ-ын үед түр орлон гүйцэтгэгч сайд нар долоон сар ажилласан байдаг. Гэхдээ ийм тохиолдол болохгүй байх.
-Дэд сайд нарын асуудлыг танай нам дотор хэлэлцсэн үү?
-Эхлээд сайд нарыг дараа нь дэд сайд нарыг томилох зарчмаар явна.