09.03

Бензиний үнийг бууруулахыг шаардав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардав. Учир нь, өнгөрсөн оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар энэ оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байгаа юм. 

Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалтыг салбар яамнаас огт хийхгүй байгаа юм. Тэр ч бүү хэл, Уул уурхайн яамны удирдлагууд шатахууны үнийг бууруулах боломжтой байхад яагаад энэ төрлийн ажил хийхгүй байгаа талаар асуухад “Салбар яамны биш шатахуун импортлодог компаниудын хийх ажил” хэмээн өөрсдөөсөө түлхээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд бидний ажил биш хэмээн мэлзээд өнгөрсөн. 

Харин энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ийнхүү шаардлага хүргүүлж, яагаад бензины үнийг бууруулах ажлыг хийхгүй байгаагийн үндэслэл, шалтгааныг тайлбарлах хэрэгтэйг санууллаа. Улмаар яагаад үнийг бууруулах боломжгүй байгаагаа УИХ болон  олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна. 2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож байхаар болсон. 

Ингэхдээ нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3.5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортлодог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн. 

Энэ мэтээр төр, засгаас энэ салбарт чадах чинээгээр дэмжлэг үзүүлж ирсэн байхад дэлхийн ханштай уялдуулаад шатахууны үнийг буулгаж болох гарц хангалттай байгаа ч салбар яамныхан болон шатахуун импортлогч компаниуд гүрийсээр өнөөдрийг хүрч байгаа юм. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг МАН-ын бүлгийн гишүүд энэхүү асуулгадаа онцолжээ.