09.04

Улс төрийн намууд тогтолцооны гажиг нүүрлэсэнд санал нэгдэв

МАН-аас санаачлан зохион байгуулдаг Монголын улс төрийн бүх намындарга, Ерөнхийнарийнбичгийн даргын нээлттэй хэлэлцүүлэг боллоо. МАНулс орныөмнө тулгамдажбайгаа асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн намуудын санал бодлыг сонсдог болох зорилгоор ийм уулзалтыг уламжлал болгожээ. Намууд нуруу нуруугаа харж суух биш, ярих юмаа ярьж, ойлголцох зүйлээ ойлголцож улс орны төлөө хамтран шийдэл гаргадаг байх ёстой гэж МАН үзэж байгаа. Ингэснээр намууд нэгдсэн байр суурьт хүрч, түүнийгээ төрийн бодлого шийдвэр болгодог улс төрийн соёл тогтоно гэж тэд үзжээ. Өнгөрсөн хугацаанд дарга нарын тав, ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт зургаан удаа болсон бөгөөд өчигдрийн уулзалт 12 дахь удаагийнх байлаа. Энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэгт улс төрийн 22 намын удирдлагад урилга явуулсан гэж МАН- ын дарга М.Энхболд нээлтийн үеэр хэлж байсан. Өмнө нь Монгол Улсын хөгжлийн шинэ загвар, томоохон орд газрууд, гадаад харилцаа, хөрш орнуудын талаар болон эх орны ирээдүй болсон хүүхдийн асуудлаар ярилцаж байжээ. Харин энэ удаад Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиар ярилцах саналаа намын удирдлагуудад дуулгажээ. Нээлттэй хэлэлцүүлэгт урьсан намын ихэнх төлөөлөл ирсэн харагдлаа. Ард түмнээ хайрлах нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн, Эх орончдын нэгдсэн, Хөгжлийн хөтөлбөр гэх зэргээр оролцогчдын өмнө намын нэрсийг бичиж тавьжээ. МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар иржээ. АН-ын генсек Л.Эрхэмбаяр нэлээд хоцор Б.Жаргалсайхан уулзалт эхэлснээс хойш бараг цагийн дараа орж ирэв. МАН-аас намын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар хуралдааныг удирдан явууллаа. МАН-ын дарга М.Энхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй цаг үед намын дарга нар уулзаж байна” гэж онцолсон. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уналтад орж иргэдийн амьжиргаа муудаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Гаднын хөрөнгө оруулагчид гарч явж, дотоодын үйлдвэрлэл багасч эдийн засгийн хүндрэл үүсээд байна. Эдийн засгаас гадна улс төрийн хямралт байдал хэдийнэ бий болжээ. Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байсан хууль ёсны Засгийн газрын гишүүдийг огцруулж оронд нь томилох ажил удааширсан. Үүнээс болж Засгийн газрын ажил доголдож, тулгамдсан яаралтай шийдэх асуудал гацаад байна. Цаашдаа Засгийн газраа бүрдүүлэх тал дээр ойлголцолд хүрч шуурхай шийдвэрлэх шаардлага байна” гэлээ. 

Харин намын дарга нар УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хуульд шүүмжлэлтэй хандаж, хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстойг парламентад суудалтай улс төрийн намуудад уриаллаа. Тэд иргэдийн олонхи нь банкны зээлтэй, 30 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ цоожлуулж байхад авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх нь байж боломгүй үйлдэл гэв. Мөн одоогийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй, Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны болон эрх зүйн чадамжгүй ч гэж дүгнэлээ. Хэрвээ зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай бол заавал ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар биш,гар аргаар тоолдог болох, сонгууль зохион байгуулахдаа төрийн албан хаагчдаас гадна улс төрийн бүх намын төлөөллийг багтаах зэрэг санал гаргаж байв. Мөн Монгол Улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал эгзэгтэй байдалд байна гэдэгт санал нэгдэж, үүнд тогтолцооны гажиг нөлөөлж байна. Үүнийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй гэлээ. Ингээд улс төрийн намуудын төлөөллийн байр суурийг доор сийрүүлье.

 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам Ш.ТӨМӨРСҮХ: ТОЙРОГТ НЭР ДЭВШЭЭГҮЙ ХҮН ГИШҮҮН БОЛОХ НЬ БУРУУ

-Сонгуулийн саналыг 100 хувь гар аргаар давхар тоолдог болмоор байна. Аль ч тойрогт нэр дэвшээгүй, хүчин чармайлт гаргаагүй хүн УИХ- ын гишүүн болдог энэ тогтолцоо буруу юм. Үүнээс гадна МҮОНРТ-ээр нэр дэвшигчид мэтгэлцэх боломжийг олгох хэрэгтэй. Үүнээс сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдана. Энэ парламентыг хууль гаргах ёс зүйгүй гэж бид харж байгаа

 

МУНН Б.БАТБОЛД: ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДИЙНХӨӨ Л ЗАМЫГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

-Улс төрийн намын болон Сонгуулийн хуулийн талаар гурван жилийн өмнө ярьж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд “ганц чулуу” ч хөдөлгөсөнгүй. Эрх баригчдын хандлагыг харахад өөрсдийнхөө өмнөх замыг цэвэрлэе гэж санахаас биш, тогтолцоог өөрчлөх сонирхол алга. Үүнээс болоод Монгол Улс засаглалын гүн хямралд орчихлоо. Үндсэн хуульд байгаа төрийг хүчгүйдүүлээд байгаа заалтыг л өөрчлөх хэрэгтэй. УИХ зөвхөн хууль тогтоох байгууллага. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд оруулснаас болоод УИХ, гүйцэтгэх засаглал болон шүүхийн бүрэн эрхэд халдаж бүх зүйлд оролцож байгааг засах хэрэгтэй. Улс төрийн намууд төсвөөс санхүүждэг болчихвол авлига, хээл хахуулийн хэрэг гарахгүй. Сонгуулийн дүнг будилуулж байгаа хэргийг Тагнуулын ерөнхий газарт шалгуулах хэрэгтэй. Сонгуулийн дүнг будилуулна гэдэг төрийн эрхэд хууль бусаар санаархаж байгаа үйлдэл. Энэ бүхнийг үндсээр нь өөрчилж өөрөө өөрсдийгөө эхлээд цэвэрлэ. Хуульгүй газар хүчирхийлэл гаардаг. Шударга ёс алдагдаад ирэхээр нийгмийн масс хохирогч болдог. Гуравхан сая хүн амд хэчнээн улс төрийн нам байгааг ч бодох хэрэгтэй байх. 

 

Эх орон нам И.ЭРДЭНЭБААТАР: ДӨРӨВ ХОНОГ ГАРААР ТООЛСОН Ч ЯАХ ВЭ

-Манай нам сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмждэг. Тиймээс одоо байгаа холимог системээр ядаж хоёр удаа сонгууль явуулаад мууг нь засах замаар пропорциональ руу шилжих хэрэгтэй. Можаритор тогтолцоонд асар их мөнгийг үр дүнгүй зарцуулдаг. Харин санал тоолох дээр гараар тоолохыг дэмжиж байна. Дөрвөн жил ард түмнийг туйлдуулж байхаар дөрөв хоног ч байсан яах вэ, гараар тоолох нь зөв байх. Намууд ч эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг сонгож нэр дэвшүүлэх хэрэгтэй. Одоо цагт буу бариад байлдах биш, ядаж өөрийн атгаг санаа, шуналыг дарж чаддаг хүнийг эх оронч гэх байх. Дээр нь их дээд сургууль төгссөнийг боловсрол эзэмшсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Мэдлэг дээр хүн чанар нэмэгдэж байж боловсролтой хүн болдог. УИХ- ын гишүүдэд хүнийг та гэж хэлж чаддаггүй хүн байх юм. Хүнийг хүн гэж үздэггүй ийм хүмүүс төрийг самарч байна. Тиймээс төрийн түшээ хүнд шалгуур тавимаар байна. Намдаа хандив өгсөн л бол сайд болж байна шүү дээ.  

 

 Бүгд найрамдах нам Б.ЖАРГАЛСАЙХАН: ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ЦАГ БИДЭНД ИРЭХ БАЙЛГҮЙ

-Хуулийг яах вэ, хэрэлдэж хэлэлцэж байгаад баталж болно. Хүмүүсийг яаж ичдэг, зарчимч, шударга болгох вэ. Зарим хүн өөрийгөө голж, ичэхээ байж. Иргэдэд ч боловсрол олгохгүй үзэл суртлаар сурталдаж байна. Нийгмийг хэр бүрхэг, харанхуй байлгана түүнийхээ хохирлыг бид амсана шүү. Та нар Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй юм шиг байна. Уг нь өөрчлөөд, шударга болгоод өгчихвөл гавьяа байгуулсан гэж тооцъё. Шударга бус, их мэдэгч нар олон байна. Энэ талаар одоо яриадяах вэ. Төрийн эрхийг авсныхаа дараа ярья, тийм цаг ирэх байлгүй. 

 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.ЭРХЭМБАЯР: СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЭСЭХЭЭ ЭХЛЭЭД ШИЙДЬЕ

-Сонгуулийн тухай хуулийг одоо гаргах шаардлагатай эсэхийг шийдэх хэрэгтэй. Засаг төрөө хүчтэй байлгах, УИХ-ын гишүүдийг Их хурлынхаа л ажлыг хийдэг байлгах өөрчлөлтийг Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд тусгаж өгөхөөр ярьж байна. Улс төрийн намуудын нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах талаар гаргасан саналыг дэмжиж байна. Ажлын хэсгийн ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх, санал хураалтын автомашин байх эсэх талаар дараа нь ярилцвал ямар вэ гэлээ. Хэлэлцүүлгийн дараа Монголын улс төрийн бүх намын төлөөлөл оролцож, Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулахаар болов. Парламентад суудалтай намууд бүлэг дээрээ ярилцаж, дэмжлэг авбал аравдугаар сарын эхээр УИХ-д өргөн барих шийдвэрт хүрлээ. Ажлын хэсэгт МАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат орж ажиллахаар боллоо.