09.08

Номонд дурлагсад Чингисийн талбайд чуулна

Ном бүтээгч, номонд шимтэгч, уншигчдыг нэгэн дор цуглуулсан томоохон арга хэмжээ болох Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Чингисийн талбайд болно.

Үндэсний 18 дахь номын баяраар номын санчид харилцан туршлага солилцох өдөрлөг болох бөгөөд орон нутгийн номын сангуудад номын хандив цуглуулах юм байна. Мөн явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлэх, “Ном бол...” сэтгүүл 8 дахь дугаарыг нээх,  “Номын ертөнц” нэвтрүүлгийн 500 дахь дугаарын баярыг хамтдаа тэмдэглэх аж.
 
Түүнчлэн сошиал ертөнцөд “Бид номонд дуртай” оюун санааны эв нэгдлийн аяны үр дүнг танилцуулж, "Бид номонд дуртай" аянд нэгдэгчдийн цугларалт болох юм.
 
Үндэсний номын баяраар номын тухай сонирхолтой 5 асуулга, судалгааг дэлгэхээс гадна номын хямдралтай худалдааг зохион байгуулах бөгөөд энэ үеэр ирсэн зочид бүр сонирхсон номоо 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж бүрдэх нь.
 
Уламжлал ёсоор номын баяраар шинэ номын нээлт, танилцуулга болж, зохиолчдын гарын үсэгтэй худалдаанд оролцохоос гадна уншигч зохиолчдын уулзалт саатах гээд олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм байна.