09.09

Жолооны үнэмлэх тав хоногийн дотор гарна

Өршөөлийн хуулийн зарим заалт энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүний нэг нь 2016 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг өршөөх тухай заалт. Энэ заалт хэрэгжиж эхэлсэнээр Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын харъяа Лицензийн төвийн гадна иргэд олноор дугаарлах болсон байна. Нийтдээ 81 мянга орчим жолооч эрхээ сэргээлгэх юм байна. Тиймээс бид жолоодох эрхээ сэргээлгэх иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах талаар тодруулсан юм.

-Уншигч та жолоодох эрхээ сэргээлгэх гэж байгаа бол иргэний цахим үнэмлэхтэйгээ Лицензийн төвд хандаж, ямар нэгэн шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ авна. Гэхдээ 2014 оны аравдугаар сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 2-ны хооронд эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх Лицензийн төвд байхгүй тул шинээр үнэмлэх авах шаардлагатай аж. Шинээр жолооны үнэмлэх захиалах иргэд үнэмлэхний үнэ болох 12500 төгрөгийг Төрийн сангийн 900012408  тоот дансанд тушааж баримт, иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхийнхээ хуулбарыг өөрийн биеэр Лицензийн төвд аваачих шаардлагатай аж. Ингэж захиалга өгснөөр таны жолоодох эрхийн үнэмлэх тав хоногийн дотор гарах юм байна.