09.09

З.Баянсэлэнгэ даргаа өмөөрөөд үхэх нь

Оймсонд хавчуулагдан УИХ-д орж суусан гишүүн З.Баянсэлэнгийн хувьд тэрбээр даам гарав. Өчигдөр л гэхэд түүнийг “Шударга ёс” эвслээс Барилга, хот байгуулалтын сайдад нэрийг нь өргөн барьж, УИХ сайдаар томиллоо. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярынхаа далбаан дор явж байгаа азтай, бүр сайд болох хувьтай нэгэн гэж атаархагчид олон байх шиг ээ. Албан тушаал ахихын хэрээр өөрийгөө том, тод хэмээн бодсон гишүүн бүсгүй хэн нэгэнтэй хэрэлдчих гээд байдаг зантай болжээ.

Тэрбээр өчигдрийн Байнгын хорооны хурал дээр ихэд бухимдалтай суугаа нь илт байв. Учир нь, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан байгаа нь түүний эгдүүцлийг хүргээд байгаа юм. Үнэндээ намын даргынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө улайран зүтгэж байгаа нь ч үнэн.

Өчигдөр тэрбээр “Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Хоригтой холбоотойгоор 350 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөнө гэсэн зүйл яриад байгаа. Гэхдээ энэ нь яг тодорхой зүйлгүй байна. “Шударга ёс” эвслийн бүлэг иймийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр хуулийн дагуу завсарлага авсан” гэдгээ хэлэв.

Өршөөлийн тухай хуульд Н.Энхбаярыг хамруулж, гэм зэмгүй нэгэн болгож байгаа ч ганц Н.Энхбаярын цаана улсад их хэмжээний хохирол учруулсан олон цагаан захтнууд өршөөгдөх гээд байгаад унтууцаад байгаа билээ