-Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болж байна-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр АНУ-ын Лас-Вегас хотноо эхэллээ. ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож буй манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдааны салхийг хагаллаа.
Манай тамирчдаас 69 кг-д барилдаж буй гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ. Тэрбээр Унгар, Польш, Казахстаны тамирчдыг хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНХАУ-ын Зоу Фэнд 14:4 онооны харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ. О.Насанбурмаа дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Японы бөх Сара Дошотой оноолт таарчээ.
48 кг-д Э.Нарангэрэл эхний тойрогт дэлхийн аварга Японы Эри Тосакад ялагдсан ч дагах барилдаанд Их Британийн Яна Стадникийг 9:8 онооны харьцаагаар хожсон. Дараа нь ОХУ-ын В.Исламовад 0:10 оноогоор хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 53 кг-д Д.Отгонцэцэг Польш, Мексикийн бөхчүүдийг хожиж шөвгийн наймд үлдсэн ч Хятадын бөх Хью Чин Зхонд 5:3 онооны харьцаагаар дийлджээ. Хятадын бөх Шведийн С.Маттссонд цэвэр хожигдсоноор манай бөхөд цааш барилдах боломж гарсангүй.
Чөлөөт бөхийн дэлхийн аваргын эхний өдөр барилдсан манай гурван тамирчнаас 69 кг-д О.Насанбурмаа медалийн төлөө барилдаахаар боллоо.
Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болно.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 10.40 цагаас эхлэх бөгөөд ETV HD сувгаар дамууулна.