03.13

Дуучин К.Номинжин: Номинжин гэдэг нэрийг би өөртөө оноож өгсөн

Дуучин гэхээсээ илүүтэй “Цагаан хоолтон мисс” гэгдэх болсон К.Номинжин олон жил бясалгалаар хичээллэж байгаа гэдэг. Тэрбэрэ Энэтхэгт байхдаа бодийн сахил Дээрхийн гэгээн Далай лам багшаас хүртэж, 7-8 настайгаасаа эхлэн өдөр бүр наад зах нь гучин минут эрх тоолж, маани уншиж, нинжин сэтгэлийг өөртөө үүсгэн бясалгадаг байсан гэдэг.

Түүнчлэн “Монголд ирсэн жилээ амьдрах ухааны бясалгалын хүүхдийн хичээлд хамрагдсан юм. Төгс гэгээрсэн Их багш, Чин Хай бол миний оюун санааны багш. Аръяабалын номын цогцын сэтгэлийн авшгийг хүртсэнээр ертөнцийн нууцад нэвтэрдэг юм. Ер нь бясалгал болгон янз бүр. Харин энэ бясалгалыг хийснээр өөрийнхөө жинхэнэ мөн чанар болох гэгээлэг ариун чанартайгаа холбогдож, үргэлж амар амгалан аз жаргалтай байдаг. Уур, атаа шунал зэргээс салчихаар ажил үйлс өөрөө аяндаа бүтээд Багшийн аврал, Бурхадын адислалаар санасан бүхэн сэтгэлчилэн бүтдэг. Наад зах нь ийм юм мэдрэгддэг” гэх юм билээ.

Ийнхүү бясалгах дуртай бүсгүйн нэрийг анх Номин гэдэг байсан аж. Энэ тухайгаа тэрбээр “Уг нь анх надад Номин гэдэг нэрийг өгсөн юм л даа. Харин би жаахан байхдаа өөрийгөө Номинжин гэж бусдад танилцуулдаг байсныг манай гэрийнхэн ярьдаг юм. Тэгэхээр энэ нэрээ би өөрөө өөртөө оноож өгсөн болж таарч байна” хэмээн ярьсан байдаг аж.

С.НАРАН