Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжиж байсан “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал яг одоо эхэлж байна.
Түүнд холбогдох хэргийг өнгөрөгч оны долдугаар сарын 29-нээс хойш шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд шүүх хурал таван удаа болсон. Шүүх хурал өмгөөлөгч байхгүй, ажилтай, гэрч дутуу гэх мэт шалтгаанаар удаа дараа хойшилж байсан.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-нд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж, н.Цэндсүрэн нар хэргийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ гаргаснаар уг шүүх хурлыг дахин тав хоногоор хойшлуулж өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Шүүх хуралд гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүрэлцэн иржээ. Тэрбээр, Л.Гансүхийг ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж шүүх хурал улс төрийн зорилгоор нэг хүнийг яллах гэж байна хэмээн мэдэгдсэн юм. Шүүх хурал түр завсарлаад байна. Уг хэрэгт хохирол учирсан гэдгийг тогтоосон Үндэсний аудитын газрын байцаагч н.Ичинхорлоо, н.Жигжид, н.Сономпил нарын гэрчүүд энэ хуралд ирээгүй бөгөөд шүүхээс тэднийг албадан ирүүлэх тогтоол гаргажээ.
Гэтэл гэрчүүд шүүх хурал болох гэж байгаа энэ үед гадагшаа явчихсан байсан аж. Харин үүнд Л.Гансүхийн өмгөөлөгч бухимдаж “Албадан ирүүлэх тогтоол гаргачихаад яагаад авч ирээгүй байгаа юм бэ. Ямар учир шалтгаан байна. Шүүхийн тогтоол авсан хүмүүс яахаараа гадаад явж байдаг юм. Ийм бэлтгэлгүй яаж шүүх хурлыг үргэлжлүүлэх юм” хэмээгээд түр завсарлуулах асуудлыг тавьсан юм.
Ж.Өөдлөн