Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын санаачлан, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулсан “Өршөөлийн хууль”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан. Харин уг хуулийг хэрэгжүүлэх комисс “Хориг тавигдсанаас бусад хэсгийг хэрэгжүүлж эхлэх” захирамж гаргаснаар “Өршөөлийн хууль” хэрэгжиж эхлээд буй.
Хуулийн дагуу энэ оны долоодугаар сарын 02-оос өмнө эрхээ хасуулсан 82 мянган жолооч жолоодох эрхээ сэргээлгэх боломжтой болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг шалгалт өгөх зохицуулалт байхгүй, бичиг баримт, үнэмлэхийн үнэ 12500 төгрөгийг Төрийн санд тушааснаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөр эрхээ сэргээлгэх боломжтой болсон юм.
Өдөрт 800-1000 хүн хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай тус төв ачаалал ихтэй байгаагаас өдөрт 2000 орчим жолоочийн эрхийг сэргээж байгаа аж.
Эрхээ сэргээлгэхээр материалаа бүрдүүлж өгсөн иргэд тухайн өдрөөс 3-5 хоногийн дотор түр үнэмлэх, 21 хоногийн дотор шинэ үнэмлэхээ авах боломжтой юм байна.
Лицензийн төвд одоогоор 19 мянган хүний жолооны үнэмлэх бэлэн байгаа аж. Эрхээ хасуулсан жолооч нарын 98 хувь буюу 80 мянга орчим хүн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-ээр эрхээ хасуулсан хүмүүс байгаа. Энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрхээ хасуулсан хүмүүс юм байна. Харин үлдсэн хоёр хувь нь Эрүүгийн хуулийн 215, 216-р зүйл ангиар зам тээврийн осолд холбогдсон хүмүүс байгаа талаар Лицензийн төвөөс мэдээлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн зүйл заалтад хориг тавьсан тул Эрүүгийн хариуцлага хүлээгээд, 215-аар ял сонссон хүмүүсийн эрхийг сэргээхгүй юм байна.